Сүүлийн үед малын хулгайн хэрэг нийслэл болон орон нутагт олноор бүртгэгдэх болжээ. Өнгөрсөн долоо хоногт хоёр аймгийн нутаг дамжин адуу хулгайлсан бүлэг этгээдийг цагдаагийнхан баривчилсан байна. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө хүрэн зүсмийн морийг, маргааш орой нь Төв аймгийн Баянцогт сумаас гурав нийт дөрвөн морь хулгайлсан хэрэг гарчээ. НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн гэмт этгээдүүдийг уржигдар шөнө баривчилж чаджээ. Хэрэгтнүүд Увс аймгийн Цагаанхайрхан сумын харъяат 25-42 насны ах дүү тав байсан байна. Тэд өмнө нь энэ төрлийн хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд Сэлэнгэ, Төв аймгаас хулгайлсан адуугаа нядлан Хүчитшонхор захын наймаачдад худалдаалсан байжээ.Д.Ундрах /24tsag.mn/























































