Хүнсний
худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль,
стандартын хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийсэн байна.Шалгалтад 747 хүнсний худалдаа, үйлчилгээний газар хамрагдахаас 623 буюу 83.4 хувь нь хамрагджээ. Үлдсэн 78 газар нь үйл ажиллагаагаа зогсоосон, 32 нь үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн, 14 нь газрын дахин төлөвлөлтөнд орсон шалтгаанаар хяналт шалгалтанд хамрагдаагүй байна.
“Хархорин”, ”Энхжин”, “Юмт бөмбөгөр”, “Эрдэнэбулган”, “Меркури”, “Нарантуул”, “Барс” зэрэг долоон худалдааны төв, 980 гаруй лангуу түрээслэгч иргэд, 180 худалдааны цэг салбарыг хамруулсан байна. Шалгалтын явцад 1026 зөрчил илрүүлэрчээ. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан албан шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг түр зогсоох акт, бүтээгдэхүүн хурааж устгах 37 акт тавьжээ. Мөн эрүүл мэндийн зурагт анхааруулга зөрчилтэй зургаан нэрийн 241 ширхэг янжуур, дүнсэн тамхийг хурааж устгахаар шийдвэрлэсэн байна. Мөн шошгын зөрчилтэй 171 нэрийн бүтээгдэхүүнийг татан авахуулан, зөрчлийг арилгуулж худалдаанд гаргах шийдвэр гаргажээ. Хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, баталгаажилтгүй худалдаалагдаж байсан нийт 82 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжлүүлэхэд 65 дээж шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн түвшинд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дүнтэй гарч, 17 дээжийн сорилтын дүн хүлээгдэж байгаа гэнэ.
“Нарантуул трейд” ХХК-ийн “Нарантуул-1”, “Барс импекс” ХХК-ийн “Барс-1” худалдааны төвүүд нь байгаль орчин, хүний аюулгүй ажиллаж амьдрах нөхцөл, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болзошгүй эрсдлийг үүсгэж байсан тул улсын ахлах байцаагчийн хамтарсан актаар үйл ажиллагааг зогсоож, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.
Үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоосон “Нарантуул трейд” ХХК-ийн актын хэрэгжилт бүрэн хангагдаагүй 70 хувьтай байгаа боловч өргөтгөлийн хэсгийн хүнсний бөөний 280 агуулах, хүнсний бус барааны 115 агуулахад засвар хийж тохижуулан, гэрэлтүүлгийн эх үүсвэрийг нарны зайн хураагуураар шийдвэрлээд байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/























































