Дөрвөн жилийн хугацаанд хориглоод байсан хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар олгох журам батлагдсан. Хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын 106 тусгай зөвшөөрлийн 18 талбай нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан байсан аж. Харин есөн талбай нь тусгай хэрэглээний газартай, нэг талбай стратегийн орд газартай, 32 талбай нь урт нэртэй хуультай давхацсан байсан тухай албаныхан мэдээллээ. Харин 46 талбай давхацал болон хуульд харшлах зүйлгүй байсан талаар албаныхан дахин онцоллоо.Түүнчлэн давхацалгүй талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудын зардлыг тооцон босго үнэ тогтоосон байна. Энэ дагуу 14 талбайд баталгаажуулалт хийн сонгон шалгаруулалт явуулснаас гурван талбайд санал ирүүлээгүй аж. Тиймээс уг талбайнуудыг ердийн журмаар шийдвэрлэхээр болжээ. Улмаар зардлаа баталгаажуулсан 10 талбайд сонгон шалгаруулалт зарлажээ.
Д.Дуулим























































