Дүүргийн 3 дугаар прокурорын газраас 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүрэг дэх захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудын дунд “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явц, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулжээ.Энэхүү зөвлөгөөний зорилго нь захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд гарч буй алдаа зөрчил, дутагдал, түүнд нөлөөлсөн шалтгаан, цаашид анхаарах асуудлыг тодорхойлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, дүүргийн хэмжээнд гарч буй захиргааны зөрчлийн тоог бууруулах чиглэлээр хэлэлцэж, зохих үр дүнд хүрэхийг зорьсон байна.
Тус дүүргийн хэмжээнд захиргааны хэрэг бүртгэх эрх бүхий 87 албан тушаалтан байгаагаас зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга болон хороодын Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тээвэр зохицуулалтын алба, Цэргийн штаб зэрэг байгууллагуудын 60 гаруй төлөөлөл оролцжээ.
Зөвлөгөөнийг дүүргийн прокурор Б.Пүрэвжав нээж үг хэлсэн бөгөөд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх зүйн мэргэжилтэн Ч.Улаанхүү “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, хүндрэл бэрхшээл” сэдвээр, Цагдаагийн хэлтсийн архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Цэрэнжамц “Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны хэрэг бүртгэлт” сэдвээр, хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих прокурорын хяналт” сэдвээр тус тус илтгэл тавьж, улмаар прокуророос захиргааны хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудын хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг шалгах явцад илэрсэн нийтлэг зөрчлүүдийг жишээ баримтаар үзүүлж, цаашид илэрсэн зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулсан байна.
Зөвлөгөөний санал шүүмжлэлийн үед зөвлөгөөнд оролцогчдоос захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх санал, шүүмжлэлээ хэлэлцсэн ба уг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар “ЗӨВЛӨГӨӨНИЙ ШИЙДВЭР”-т тусгаж хэрэгжүүлэхээр болжээ.























































