Автотээврийн үндэсний төв, нийслэлийн Замны цагдаагийн газар, нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллагууд техникийн хяналтын үзлэг явуулах журмыг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол зөрчил болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан ажиллаж эхэлсэн нь үр дүнд хүрч байгаа аж.Тэд торгуулийн хуудас явуулаад байхад торгуулиа төлөхгүй байгаа жолооч нарын тухай мэдээллээ. Тодруулбал, бэлэн бус торгуулыг Засгийн газрын 388 тоот тогтоолоор зохицуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Уг тогтоолын 4.2-т торгууль хүлээсэн этгээд 14 хоног тутам төлөөгүй тохиолдолд давтан торгох гэсэн заалт байдаг аж. Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн этгээдүүдийг 1000-10000 төгрөгөөр торгож байгаа бөгөөд хэрвээ торгуулиа төлөөгүй бол 20000 төгрөгийн торгуултай. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-т жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэж заасан байдаг аж.
Тиймээс торгуулиа төлөхгүй байгаа жолоочийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд үзлэгт ороогүй машин хөдөлгөөнд оролцох боломжгүй байдлаар асуудлыг шийдвэрлэсэн байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-ээс бэлэн бусаар торгууль тогтоож, мэдэгдэх хуудас тарааж эхэлсэн. Энэ хугацаанд 580 мянга гаруй зөрчилд, 5 тэрбум 800 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар торгуулын эргэн төлөлт 60 хувьтай буюу 3.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/























































