2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж байгаа бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрий хэрэгжилтийн талаар ярилцаж, санал бодлоо солилцохоор нийслэл, орон нутгийн боловсролын газрын удирдлагууд гурван өдөр семинар зохион байгууллаа. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын дарга Д.Загдгочоотой ярилцлаа.-Гурван өдрийн семинарын ач холбогдлыг та юу гэж дүгнэж байна?
Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд БШУЯ-аас хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн бага, дунд боловсролын шинэчлэлийн асуудлаар бид ярилаа. Шинэчлэлийн гол цөм нь монгол улсын боловсрол тэр дундаа бага, дунд боловсролын тухайд анх удаагаа монгол хүүхдээ хөгжүүлэх үндэсний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн явдал. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн ажил үр дүнгээ өгч байна гэдэг дээр бид санал нэгдсэн.
-Танай аймагт бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байдлаар явагдаж байна. Энэ бодлого хөрсөн дээр хэр бууж байна?
-Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монгол улс 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэн. Шилжилтийн үед боловсролын салбарт олон өөрчлөлт шинэчлэл хийгдлээ. Гэхдээ өнөөдрийнх шиг монгол хүүхдээ яаж сургах, хүүхдээ боловсролоор яаж хөгжүүлэх, юуг ямар хугацаанд, хэн хэрхэн заах вэ гэсэн монгол хүүхдийн онцлогт тохирсон үндэсний хөтөлбөр гарч байгаагүй. Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг бодлого туйлын зөв бодлого юм. Тийм учраас зөвхөн манай аймагт гэлтгүй монгол улсын бүх орон нутгийн хөрсөнд суусан зөв бодлого болсон. Цаашид урт хугацаанд үргэлжлэх жам ёсны бодлого гэж үзэж байгаа. Манай аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эх олон нийт бүгд хүүхэд бүрээ хөгжүүлэх энэ бодлогыг маш нааштай хүлээж авч, идэвхитэй хэрэгүүлж байна.
-Боловсролын газрын дарга нар та бүхэн энэ бодлогыг аль ч засгийн үед авч үлдэх ёстой зөв бодлого болсон гэдэг дээр санал нэгтэй байгаа гэсэн. Одоо засгийн газар уначихлаа. Бодлогоо хамгаалж өргөх бичиг барина гэсэн яриа гараад байна?
-Миний хувьд 1990 оноос хойш 24 жил бага, дунд боловсролын салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд би олон ч засгийн газрын олон бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Би ч гэлтгүй бүгд л боловсролын бодлого залгамж чанараа алдаад цаашаагаа явдаггүй зогсчихдог, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого нь тууштай явахгүй, хүүхдүүдээрээ тоглож байна гэж ярьдаг. Энэ бол үнэний хувьтай. Тэгэхээр өнөөдөр бүх аймгийн боловсролын газрын дарга нар дээр нь боловсролын оролцооны байгууллагуудын нөлөө бүхий хүмүүс энэ семинарт оролцож байна. Энэ хүмүүс бүгд л дээрхийн адил санаа зовниж байна. Миний хувьд энэ засгийн газрын сүүлийн хоёр жилд боловсролын салбарт хийгдсэн чанарын шинэчлэл тэр дундаа хүүхэд бүрээ хөгжүүлэх энэ бодлого хүссэн хүсээгүй цаашид явна. Жам ёсны зөв бодлого гаргаад ирчихсэн учраас ямар засгийн газар байхаас үл хамаараад энэ бодлого үргэлжилнэ гэж итгэж байна. Энэ бодлого, үйл ажиллагаа, санаачилсан бодлогыг тодорхойлсон хүмүүс эцсийн үр дүн гартал яваасай гэж хүсч байна. Ш.Санаа
24tsag.mn
























































