
Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр “Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Эл өдрийг тохиолдуулан ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ШШГЕГ-ын удирдлагуудтай уулзаж, мэдээлэл хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд 2014 онд ХЭҮК-той хамтран хүний эрхийг хангах үйл ажиллагаанд ахиц гарган амжилттай сайн ажилласан байгууллага бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж онцлов. ХЭҮК-оос энэ жил ШШГБ-тай хүний эрхийн боловсролыг дэмжих чиглэлээр нэлээдгүй олон ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн. Энэхүү ажлын үр шим болсон шинэхэн номнуудыг ШШГЕГ-ын удирдлагуудад гардуулан өгч эдгээр номнууд албан тушаалтны ширээ, номын сангийн тавиур дээр биш хүрэх ёстой хүмүүстээ хүрч, та бүхний ширээний ном байгаасай гэж хүсч байна” гэв. Энэ жил ХЭҮК, Каритас Чех олон улсын байгууллагатай хамтран ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжүүдийн албан хаагчдын хүний эрхийн талаарх боловсролд зориулж 25 хорих ангид тусгайлсан сургалтуудыг зохион байгуулж, “Хорих байгууллагын ажилтнуудад зориулсан гарын авлага”-ыг тусгайлан гаргажээ. Мөн ирэх онд ХЭҮК-оос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах хүрээндээ албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр сургалт зохион байгуулах сургагч багш бэлтгэхээр төлөвлөсөн байна. Уулзалтын төгсгөлд ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга хэлэхдээ: Бид ирэх онд хорих ял эдлэгсэд болон цагдан хоригдогсдын эрхийг хангаж, ажиллахаас гадна албан хаагчдынхаа эрхийг хамгаалах тал дээр түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс энэ жил “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг 66 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.