
2022-2024 онд С.Бямбацогт нь ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа ерөнхий сайдын захирамжаар 2023 онд “Ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх төвүүдийг байгуулах, шийдлийг батлуулах хэрэгжүүлэх” ажлын хэсгийг ахлан, төрийн нарийн бичиг асан С.Батболдтой хамтарч ажиллаж байжээ. Тухайн үед буюу 2023 оны есөн сард манай улсад 709 цахилгаан тээврийн хэрэгсэл байжээ.
Ажлын хэсгийн хүрээнд 2026 он гэхэд 20000 цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан машин цэнэглэх 1000 станц байгуулах, цахилгаан автомашины импортыг дэмжиж цэнэглэгч, сэлбэгийг гаалийн албан татвар НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны төлбөр, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй урт хугацаатай зээлийг олгодог байх гэсэн холбогдох тооцоо, судалгааг гаргаж байжээ. Эдгээр шийдлүүдээ бүрэн ажил хэрэг болгосноор тээврийн хэрэгслээс ялгарах хортой, хүлэмжийн хийг бууруулах чухал ач холбогдолтой гэж ЗТХЯ-наас мэдээлж байв.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Монголд нийт хэдэн цахилгаан машин байгаа вэ?
Дэлхий нийтээрээ ногоон эдийн засагт шилжиж, түлш шатахуунаас хараат бус байхын сацуу шатахууны хомсдолтой энэ цаг үед Монгол улсад цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээ ямар түвшинд байгаа бол? Гаалийн ерөнхий газрын албан ёсны статистик мэдээллээс үзэхэд, манай улсад сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины импорт тогтвортой өсөлттэй байсан гэх мэдээлэл байв.
Гаалийн байгууллагын сүүлийн үеийн мэдээллээр, Монгол Улс 2022 оноос 2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 1838 орчим цахилгаан автомашин импортолжээ.
Жил жилийн импортын өсөлтийг харвал:
2002–2022 он: 214 ширхэг (5.8 сая ам.доллар)
2023 он: 419 ширхэг (10.2 сая ам.доллар – өмнөх оноос 95.8%-иар өссөн)
2024 он: 504 ширхэг (13.9 сая ам.доллар – сүүлийн жилүүдийн оргил үе)
2025 он: 336 ширхэг (9.3 сая ам.доллар – бууралт ажиглагдаж эхэлсэн)
2026 оны эхний найман сарын байдлаар: 365 ширхэг (7.5 сая ам.доллар)
Энэхүү тоо баримтаас үзэхэд, Монгол улсын авто замын хөдөлгөөнд оролцож буй цэвэр цахилгаан хөдөлгүүртэй (EV) автомашины нийт тоо 2000 хүрэхгүй. Харин бензин цахилгаан хосолсон 1000 гаруй, цэвэр цахилгаан (EV) хөдөлгүүртэй 1838 машин, нийт 2850 орчим гэсэн хангалтгүй тоо бүртгэгджээ. Монголчууд цахилгаан автомашин худалдан авахдаа дийлэнхдээ хойд хөрш болон барууны орнуудыг бус, харин БНХАУ-ыг түлхүү сонгож байна. Тухайлбал дээрх хугацаанд оруулж ирсэн нийт цахилгаан автомашины: 76.3 хувь буюу дийлэнх нь БНХАУ-аас, 10.2 хувь нь Япон улсаас, 5.1 хувь нь АНУ-аас, 8.4 хувь нь бусад улс орноос тус тус импортлогджээ. Дээр дурдсанаар уг шийдлүүдийг бүрэн ажил хэрэг болгосноор тээврийн хэрэгслээс ялгарах хортой, хүлэмжийн хийг бууруулах чухал ач холбогдолтой гэж ЗТХЯ-наас мэдээлж байсан нь хэрэгжиж, ажил хэрэг болох байтугай одоогийн байдлын үнэн дүр төрх хариултыг өгөх биз ээ.
Б.Туяамарал

















































