
УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс эрчим хүчний салбарын асуудлаар мэдээлэл авч байх үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн туслах ирж, түүний биед халдсан гэх дүрс бичлэг цахим орчинд цацагдаад байна.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн нөхөр С.Батхүрэлийн хамаарал бүхий “Бодит чадал” ХХК их хэмжээний үнийн дүнтэй тендерүүдэд шалгардаг гэх мэдээлэл цахим орчинд гарах болсон. Одоогоор тус компани 94 тендерт шалгарсан гэх мэдээлэл ч тархаад байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс тодруулахад: “Манай нөхөр эрчим хүчний салбарын номер нэг инженер хүн. Боловсрол, мэдлэгтэй инженер хүн улсаа хөгжүүлэхгүй бол хэн хөгжүүлэх юм бэ? Би нөхрийнхөө ажилд оролцдоггүй, мэдэхгүй. Арай ч 94-өөр нь аваагүй байлгүй дээ. Эхнэр нь гишүүн гээд миний нөхөр ажил хийхгүй байх байсан уу? Гишүүн болсон гээд энэ нөхрөөсөө би салах уу? Бизнес хийхээ боль, гудамжинд гар, гуйлга гуй гээд суух уу?” хэмээв.

Харин “Бодит чадал” ХХК-ийн тендерийн дэлгэрэнгүй бүртгэлийг өмнө нь танилцуулсан Open Data Lab-ын жагсаалттай тулган шалгахад, М.Энхцэцэг гишүүний нөхөр С.Батхүрэлийн хамаарал бүхий тус компани 2017 оноос хойш эрчим хүчний салбарын болон төрийн өмчит компаниудын нийт 304 тендерт оролцсон байна.
Үүнээс 114 тендерт шалгарч, 29 тендерт саналаа ирүүлсэн бол 16 тендерийн хураангуйд бүртгэгдсэн байна. Мөн нэг тендерт захиалагчийн зүгээс нэмсэн төлөвтэй байгаа аж.
Тус компанийн шалгарсан тендерүүдээс хамгийн өндөр үнийн дүнтэй нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 3,035,328,375 төгрөгийн өртөг бүхий тендер байна.
Түүнчлэн 2024 оноос хойш тус компани есөн тендерт шалгарчээ. Эдгээрээс хамгийн өндөр үнийн дүнтэй нь “ДЦС-3” ТӨХК-ийн 972,900,000 төгрөгийн тендер бол удаах байрт “Монголросцветмет” ТӨҮГ-ын 304,400,000 төгрөгийн тендер багтаж байна.
Т.Золзаяа




















































