
Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадаагүй тул тус улс улс төрийн мухардалд орлоо. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон түүний гол өрсөлдөгч Гади Эйзенкот нар Засгийн газар байгуулахын төлөө өрсөлдөж байгаа ч үзэл суртлын зөрчил, улс төрийн холбоотнуудын байр суурь тохиролцоонд хүрэхэд саад болж байна. Үүнээс гарах дөрвөн хувилбар байгааг шинжээчид онцолж байна.
1. Сөрөг хүчний Засгийн газар байгуулах
Эйзенкотын тэргүүлсэн сөрөг хүчин Арабын улс төрийн намуудын дэмжлэгийг авч чадвал Нетаньяхуг засгийн эрхээс буулгах боломжтой. Гэвч сөрөг хүчний баруун жигүүрийн удирдагчид Нафтали Беннетт, Авигдор Либерман нар Арабын намуудын дэмжлэгт тулгуурласан Засгийн газар байгуулахыг эсэргүүцэж байгаа юм. Иймээс олонх бүрдүүлэхэд хүндрэлтэй байна.
2. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах
Өөр нэг хувилбар нь эрх баригч болон сөрөг хүчний зарим нам хамтран Засгийн газар байгуулах явдал юм. Гэвч Эйзенкот Нетаньяхутай нэг Засгийн газарт ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Нетаньяху хэт барууны болон шашны намуудтай холбоогоо таслах шаардлагатай болж болзошгүй тул энэ хувилбар одоогоор хэрэгжихэд бэрх байна.
3. Сөрөг хүчний гишүүдийг өөртөө татах
Нетаньяху сөрөг хүчний зарим парламентын гишүүнийг өөрийн талд татаж, барууны үзэл баримтлалтай Засгийн газраа үргэлжлүүлэн байгуулахыг оролдож болно. Гэвч түүний тэргүүлсэн эвсэл парламентын олонх бүрдүүлэхэд найман суудал дутуу байгаа бөгөөд сөрөг хүчний гол удирдагчид түүнтэй хамтрахгүй гэдгээ илэрхийлжээ. Тиймээс энэ хувилбар ч амаргүй.
4. Дахин сонгууль явуулах
Хэрэв намууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Израил дахин сонгууль явуулахад хүрнэ. Ерөнхийлөгч Ицхак Херцог намуудын удирдагчидтай зөвлөлдсөний дараа Засгийн газар байгуулах боломжтой нэр дэвшигчид эрх олгоно. Эхний нэр дэвшигчид 28 хоногийн хугацаа олгох бөгөөд шаардлагатай тохиолдолд 14 хоногоор сунгаж болно. Дараагийн оролдлогууд ч бүтэлгүйтвэл дахин сонгууль явуулах нөхцөл бүрдэнэ. Энэ хугацаанд Нетаньяху үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдаар ажилласаар байх боломжтой.
Израилын 120 суудалтай парламентад Засгийн газар байгуулахын тулд 61 суудал шаардлагатай. Гэвч сонгуулийн дүн улс төрийн гүнзгий хуваагдлыг харуулж, аль ч талд тогтвортой олонх бүрдээгүй байна. Иймээс ирэх долоо хоногуудад өрнөх хэлэлцээ тус улсын улс төрийн ирээдүйг шийдэх чухал сорилт болох юм.
Л.Баяр




















































Сэтгэгдэл (1)