
Америкийн ахмад жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ. Тэрбээр “Alien”, “Top Gun” зэрэг алдартай кино болон “Picket Fences” телевизийн цувралд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн танил болсон юм.
Түүний гэр бүлийн төлөөлөгчийн мэдээлснээр жүжигчин аравдугаар сарын 21-нд байгалийн шалтгаанаар нас баржээ. Гэр бүлийнхэн нь түүнийг авьяас чадвараас гадна хошин мэдрэмж, ухаалаг зан, өгөөмөр сэтгэлээрээ бусдад дурсагдах хүн байсан хэмээн онцолсон байна.
Скерритт 1962 онд дэлгэцийн уран бүтээлийн гараагаа эхлүүлж, зургаан арван жилийн турш кино, телевизийн олон арван бүтээлд тогложээ. Түүний анхны кинонуудын нэг нь “War Hunt” байсан бөгөөд уг бүтээлд Роберт Редфорд зэрэг хожим нэрд гарсан уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна.
1979 онд найруулагч Ридли Скоттын “Alien” шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд сансрын хөлгийн ахмад Далласын дүрийг бүтээсэн нь түүний карьерын онцлох ажил болжээ. Харин 1986 оны “Top Gun” кинонд Том Крузын дүрийн багш, нисгэгчийн зааварлагч Майк “Вайпер” Меткалфын дүрээр үзэгчдийн сэтгэлд үлдсэн юм.
Мөн тэрбээр “MAS*H”, “Steel Magnolias”, “A River Runs Through It”, “Contact” зэрэг кинонд тоглож, дүрийн өргөн цар хүрээгээ харуулсан байна. 1992-1996 онд гарсан “Picket Fences” цувралд жижиг хотын шерифийн дүр бүтээж, 1993 онд драмын цувралын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний төрөлд “Эмми” шагнал хүртжээ. Том Скерритт жүжигчний ажлаас гадна ахмад дайчдад сэтгэл зүйн бэрхшээлээ даван туулахад нь туслах зорилготой “Red Badge Project” санаачилгыг хамтран байгуулж байв.
Л.Баяр




















































