
МАН-ын дотоод зөрчил намын хүрээнээс хальж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, улс төрийн өндөр албан тушаалтнуудын харилцаатай холбогдох хэмжээнд хүрээд байна. Нэг тал нь нөгөөгөө хууль бус үйл ажиллагаанд холбогдуулан буруутгаж, нөгөө тал нь улс төрийн зорилготой дайралт хэмээн няцааж байгаа нь эрх баригч намын доторх зөрчил хэр гүнзгийрснийг харуулж байна.
Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нарыг Г.Занданшатарын нэр хүндэд халдаж байгаа гэх үндэслэлээр АТГ шалгах ёстой хэмээн мэдэгдсэн.

Харин Г.Занданшатар сүүлийн зургаан сарын турш баримт нотолгоогүй гүтгэлэгт тэвчээртэй хандаж ирсэн ч одоо асуудлыг АТГ-т өгч байгаагаа тайлбарлажээ. Тэрбээр энэ нь зөвхөн өөрийнх нь нэр төрийн асуудал бус, Монголын төрийн нэр хүндийн асуудал гэдгийг онцолсон.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Г.Занданшатарыг ажлаа хийж чадахгүй байсан учраас огцруулсан гэх байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор Г.Занданшатар уйдсан байж магадгүй хэмээн ёжлоод амжсан.
Харин сонгуулийн үеэр хууль бусаар мөнгө авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Э.Болормаа өөрийгөө улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэгт холбохыг оролдож байна гэж мэдэгдээд, иргэдийн амьдрал доройтож, орлого буурч байхад улс төрийн маргаанаас илүү чухал асуудал олон байгааг сануулав.
Эдгээр мэдэгдлээс харахад МАН-ын дотоод зөрчил зөвхөн улс төрчдийн хоорондын маргаан байхаа больж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, төрийн нэр хүндтэй холбогдох хэмжээнд хүрчээ.
Хэн нь зөв, хэн нь буруутайг улс төрийн мэдэгдлээр бус, хууль ёсны шалгалт, нотлох баримтаар тогтоох учиртай.
Хамгийн гол нь улс төрчдийн эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл дунд төрийн ажил гацаанд орж, иргэдийн эрх ашиг хохирч болохгүй. Өрхийн орлого, үнийн өсөлт, амьжиргааны асуудал шийдлээ хүлээж байхад эрх баригчид нэгнээ буруутгаж, улс төрийн зөрчлөө хурцатгах нь олон нийтийн итгэлийг улам сулруулах эрсдэлтэй.
Эцсийн дүндээ МАН-ын дотоод асуудал хэрхэн шийдэгдэх нь зөвхөн намын асуудал биш болжээ. Төрийн тогтвортой байдал, хуулийн засаглал, ард түмний амьдралд нөлөөлөх хэмжээнд хүрсэн энэ зөрчлийг улс төрийн ашиг сонирхлоор бус, хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна.
Т.Золзаяа


















































