
Энэтхэгийн Болливудын жүжигчин Имран Ханд улс төрийн жагсаалд оролцож, цагаачлалын хууль зөрчсөн гэх үндэслэлээр аравдугаар сарын 28-ны дотор тус улсаас гарах шаардлага хүргүүлжээ. Тэрбээр АНУ-ын иргэн бөгөөд Энэтхэг гаралтай хүмүүст олгодог гадаадад амьдардаг Энэтхэгийн иргэний үнэмлэхтэй аж.
Имран Хан аравдугаар сарын 10-нд Мумбай хотын Аугуст Кранти Майдан талбайд болсон жагсаалд оролцсон байна. Жагсагчид Энэтхэгийн Сонгуулийн ерөнхий комиссын тэргүүн Гьянэш Кумарыг огцрохыг шаарджээ. Тэд сонгогчдын нэрсийн жагсаалтыг шинэчлэх үйл явцад эрх баригч Бхаратия Жаната намд ашигтай өөрчлөлт хийж болзошгүй хэмээн шүүмжилж байгаа юм.
Жагсаалын үеэр цагдаа нар Имран Ханыг түр саатуулсан бөгөөд дараа нь Гадаадын иргэдийн бүртгэлийн бүсийн алба (FRRO) түүнд Энэтхэгээс гарах мэдэгдэл хүргүүлжээ. Энэ нь түүнийг гадаадын иргэн атлаа улс төрийн жагсаалд оролцсон нь цагаачлалын хууль, оршин суух нөхцөлийг зөрчсөн байж болзошгүй гэх гомдолтой холбоотой байна.

Имран Хан уг шийдвэрийг эсэргүүцэж, Бомбейн дээд шүүхэд гомдол гаргахаар төлөвлөж байгааг түүний өмгөөлөгчид мэдээлжээ. Тэрбээр Болливудын нэрт жүжигчин Аамир Ханы зээ бөгөөд 2008-2015 оны хооронд “Jaane Tu… Ya Jaane Na”, “I Hate Luv Storys”, “Delhi Belly” зэрэг кинонд тоглож, олны танил болсон юм.
Л.Баяр























































