
“Улаанбаатар Элит” олон улсын сургууль НҮБ-ын загвар хурал болох Elite International Model United Nations (EIMUN)-ийн 10 дахь удаагийн хурлаа зохион байгуулж байна. Тус хуралд оролцож буй сурагчид олон улсын харилцаа, дипломат ёс, багаар ажиллах чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ аливаа төслийг эхлүүлэхээс дуусгах хүртэлх бүхий л үе шатанд суралцдаг байна.
“Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн захирал О.Энх-Амгалан хэлэхдээ, “Манай сурагчид аливаа төслийг эхлүүлэхээс дуусах хүртэлх хугацаанд маш олон зүйлийг сурдаг. Тийм ч учраас энд байгаа хүүхдүүд нүүрэндээ инээмсэглэлтэй, хийсэн ажлынхаа үр дүнг хараад бахархаж зогсож байна. Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог. Анх 20 төлөөлөгчтэй эхэлж байсан бол өдгөө 200 гаруй төлөөлөгчтэй болж өргөжсөн” гэв.
Тэрбээр цаашид олон улсын сурагчдын оролцоог нэмэгдүүлж, хурлын цар хүрээг улам тэлэх зорилготой байгааг онцоллоо. EIMUN нь сурагчдад дэлхийн тулгамдсан асуудлыг олон талаас нь хэлэлцэх, үзэл бодлоо илэрхийлэх, бусдын байр суурийг хүндэтгэн сонсох, дипломат харилцааны ур чадвар эзэмших боломж олгодгоороо онцлог юм.





















































