
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Эрдэнэбатын Цэндбаатар ээлжит тулаанаа ирэх арваннэгдүгээр сард хийхээр болжээ. Тэрбээр арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод Тажикстаны мэргэжлийн боксчин Мухаммад Якубовтой тулалдахаар товлогдсон байна. Тулаан мэргэжлийн боксын super featherweight буюу 130 фунт /58.97 кг/-ын жинд болохоор төлөвлөгджээ.
Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн рингэнд 15 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд өдгөө 15-0 гэсэн амжилттай байна. Түүний хамгийн сүүлд хийсэн тулаан энэ оны тавдугаар сарын 1-нд болж, Барбадосын Кобиа Брийдиг 10 үеийн турш тулалдан, шүүгчдийн нэгдсэн шийдвэрээр ялсан юм. Дэлхийн боксын холбооны WBA-ийн мэдээллээр Э.Цэндбаатар super featherweight жинд дэлхийн чансааны 17 дугаарт бичигдэж байна.
Харин түүний дараагийн өрсөлдөгч Мухаммад Якубов мэргэжлийн бокст 24 тулаан хийж, 23 ялж, нэг ялагдсан амжилттай. Тэрбээр тус жингийн чансаанд долдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэ нь Э.Цэндбаатартай харьцуулахад өндөр чансаатай өрсөлдөгчтэй хийх тулаан болохыг харуулж байна.
Эдгээр хоёр боксчин өмнө нь энэ оны дөрөвдүгээр сард рингэнд гарахаар төлөвлөж байсан ч тулаан хойшилсон. Харин шинэ товын дагуу тэд арваннэгдүгээр сарын 13-нд дахин рингэнд гарахаар болжээ. Тажикстаны хэвлэлүүдийн мэдээлснээр өмнөх тулаан Якубовын гэмтлийн улмаас цуцлагдсан байна.
Ийнхүү Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын рингэн дэх 16 дахь тулаанаа чансаа өндөр Якубовтой хийх юм. Ялбал тэр жингийнхээ шилдэг тав руу ахих боломжтой.
Л.Баяр






















































