
Үндэсний бөхийн ертөнцөд шинэ өнгө нэмж нутаг нутгийн хүчтэнүүд нэгдэн “Нэгдэл” клубыг байгуулсан нь саяхан. Энэ клубт уржинан жилийн наадмын түрүү бөх улсын арслан Э.Батмагнай, улсын заан Н.Жаргалбаяр, Д.Хүдэрбулга, улсын харцага Г.Ганхуяг, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, улсын начин О.Түмэн, Б.Бат-Эрдэнэ, Г.Төрмөнх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Ч.Алтангэрэл, С.Ган-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд голлон бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Өөр ч олон бөх бий.
Тэдний амжилт жилээс жилд сайжирч байгаа. “Нэгдэл” клубын ерөнхий дасгалжуулагч Ж.Чулуунбат нь гавьяат хэмээх эрхэм цол хүртэх нь тодорхой ба тус дэвжээний зарим нь бөхийн ёс жудгаа гээж, хэл ам багагүй татлах болсон нь харамсалтай.
Үндэсний бөхөд хар сүүдрээ тусгаад буй допинг гэх асуудалд тус клубын нэгээр тогтохгүй бөх нэр холбогдож, зарим нь цол наймаалцах замд эргэлт буцалтгүй шуударснаас үүдэн “Нэгдэл”-д ам сайтай байсан олны сэтгэлийг багагүй сэвтүүлээд байна.
Улсын баяр наадам байтугай аймгийн баяр наадмыг самарсан үзэгдлийг эргэн сануулая. Мөн өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт болсон “CUMO” аренагийн нээлтэд зориулсан барилдааны тавын даваанд тунасан “Нэгдэл” клубын бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар анхаарал татаж байна. Тэд хоёул “Нэгдэл” клубын бөхчүүд. О.Мөнх-Эрдэнэ харцага унасан ба дараа нь юу хэлж, бухимдсаныг нь бид өмнө нь мэдээлсэн билээ. О.Мөнх-Эрдэнэ бол нутагтаа түрүүлчих бодолтой л байсан байх, гэвч нэг дэвжээний хамтрагч нь түүний хүсэлтийг нь ёсоор болгоогүйд учир ургасан уу. Их л бухимдалтай байна.
Нэг санаа зорилготой байсан нэг дэвжээний бөхчүүд ийнхүү нэгнээ цахим орчинд шүүмжилж, олонд муугаар харуулснаас дүгнэвэл “Нэгдэл”-ийнхэн нэг санаагүй болов уу гэж харж болох.
“Алтан цом”-ын барилдаанд Нэгдэл клубын өндөр цолтой бөхчүүд нэгдэн баг болж байхад улсын харцага О.Мөнх-Эрдэнэ алга. Уг нь “Нэгдэл” клубынхэн нэг санаа зорилготой байвал Улсын баяр наадмыг хүртэл зурж чаддаг гэдгээ нотлон харуулсан удаатай шүү дээ.






















































