
Монголын сагсан бөмбөгийн тамирчин Ш.Энхийн-Од NBA-тай албан ёсны гэрээ байгуулжээ. Ингэснээр тэр NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо. Энэ талаар түүний аав Ц.Шаравжамц цахим хуудсаараа хуваалцжээ.
Тэрбээр “Энэ өдрийг олон жил хүлээлээ дээ. NBA албан ёсны гэрээ хийсэн анхны Монгол боллоо. Хүүгийнхээ нэрийг харах ямар гоё байна. 10 хоногийн гэрээ ч гэсэн наддаа бол болно оо. Сэтгэл амрав. Одоо Жи лигийн баг руугаа ороод юу чаддагаа үзүүлээд өгөөрэй, миний хүү. Аав нь, ээж нь хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Монголын сагсчид бас баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний олон жилийн хүсэл байсан шүү. Та нартаа ч бас баяр хүргэе. Сүүлд анхны олимпийн аваргатай болоход ингэж их баярлаж байсан санагдаж байна” гэжээ.





















































