
Азербайжаны нийслэл Баку хотын Үндэсний гимнастикийн ордонд аравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд ганцаарчилсан төрлүүдийн барилдаан болж байгаа бөгөөд өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жингийн аваргууд тодорно.
Урьдчилсан шатны барилдаан Улаанбаатар хотын цагаар 14:30 цагт, медалийн төлөөх барилдаан 22:00 цагт эхлэх хуваарьтай байна.
Монголын хувьд өнөөдөр дээрх хоёр жинд өрсөлдөх тамирчин бүртгүүлээгүй. Учир нь манайхан эмэгтэйчүүдийн 48, 63, эрэгтэйчүүдийн 73, +100 кг-ын жингүүдээ давхарласан учир дээрх жингүүдэд жүдочгүй байна.
Монголын жүдочид тэмцээний эхний дөрвөн өдөр хэд хэдэн жинд медалийн төлөөх барилдаан хийсэн. Тухайлбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү тавдугаар байрт шалгарсан бол -52 кг-д Б.Уранзаяа мөн тавдугаар байр эзэлсэн. Харин -63 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, Г.Ганхайч долдугаар байрт орсон байна. Мөн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү тавдугаар байр эзэлсэн билээ.
Харин тэмцээний хуваарийн дагуу маргааш буюу аравдугаар сарын 9-нд эрэгтэйчүүдийн -100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жингийн барилдаан үргэлжилнэ. -78 кг-ын жинд манайхаас мөн л бөхгүй, харин эрэгтэйчүүдийн -100 кг-ын Б.Хүдэрчулуун зодоглоно. Нөгөөдөр тэмцээний сүүлийн жингүүдийн барилдаантай. Энэ өдөр манайхаас гурван бөх байгаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн нар, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд ОУХМ Д.Номинзул нар барилдана. Үүний дараа 11-нд холимог багийн дэлхийн аваргын тэмцээнээр Бакугийн ДАШТ өндөрлөх юм.
Л.Баяр





















































