
Монголын жүдо бөх дэлхийн дэвжээнд анхны алтан медалиа хүртсэнээс хойш 15 жилийн хугацаанд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс зургаан аваргатай болсон. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны албан ёсны статистикаар Монгол Улс ДАШТ-ээс 6 алт, 5 мөнгө, 23 хүрэл, нийт 34 медаль хүртээд байна.
Монголын анхны дэлхийн аварга болсон тамирчин бол Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар. Тэрбээр 2009 онд Нидерландын Роттердам хотод болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд түрүүлж, Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
Түүний дараа эмэгтэйчүүдийн жүдо бөхөөс М.Уранцэцэг дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Тэрбээр 2013 онд Бразилын Рио-де-Жанейро хотод болсон ДАШТ-д -48 кг-ын жинд түрүүлсэн. М.Уранцэцэг дэлхийн аваргын 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай.
Г.Болдбаатар 2014 онд Челябинск хотод болсон ДАШТ-д эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд түрүүлж, Монголын гурав дахь дэлхийн аварга болсон.
2017 онд энэ амжилтыг Д.Сумъяа үргэлжлүүлж, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд дэлхийн аварга болов. Будапештийн ДАШТ-ий финалд Японы Цүкаса Ёшидаг 15 минут үргэлжилсэн алтан онооны барилдаанд ялж, Монголын жүдо бөхийн дөрөв дэх дэлхийн аварга болсон.
Монголын дараагийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар 2022 онд Ташкентын ДАШТ-д эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд түрүүлсэн. Тэрбээр финалд Японы Сойчи Хашимотог ялж, дэлхийн аваргын алтан медаль хүртсэн. Улмаар 2024 онд Абу Дабид болсон ДАШТ-д ОУХМ, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү түрүүлж Монголын алтан медалийн тоог зургаа болгосон билээ.
Л.Баяр























































