
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд, тодруулбал тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Цагдаагийн байгууллагын удирдлагаар ямар хүн томилогдож болохыг, бас болохгүйг зааж өгсөн байдаг.
Энэ зүйл заалтаар бол “Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-иос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө”. Эндээс хориглосон нэг шаардлага анхаарал татдаг.
Тэр нь мэргэжил, мэдлэг хэчнээн мундаг байлаа ч урьд өмнө нь улс төрийн албан тушаал эрхэлж байсан л бол хэн ч Цагдаагийн байгууллагыг удирдах нь бүү хэл горилохыг ч хуулиар хориглосон гэсэн үг.
2017 онд энэ хуулийг баталсан цагаас хойшхи Цагдаагийн байгууллагын бүх л томилгоо энэ хуулийн дагуу явж байлаа. Харин өдгөөгөөс яг нэг жилийн өмнө Ж.Болд генерал Цагдаагийн ерөнхий газрын даргаар хоёрантаа томилогдох үед уг хууль ул болсон байдаг.
2020 онд анх удаа Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдон 2023 он хүртэл ажиллахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн шаардлага ханган томилогдож байсан генерал Ж.Болд 2025 онд хоёрдахь удаагаа Цагдаагийн ерөнхий газрын дарга болохдоо хууль зөрчсөний учрыг одоо тайлбарлая.
Улс төрийн албан тушаал хашиж байсан хэн бүхэнд Цагдаагийн төв байгууллагын удирдлагын албан тушаал хуулиар хориотой. Эгэл жирийн мөрдөн байцаагчаас шатлан ахих зарчмаар 30 жил цагдаагийн байгууллагад ажилласан Ж.Болд 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдоход намтар цэвэр, хуулийн зөрчилгүй байлаа. Хуульд заасан мэргэжлийн бүх шаардлагыг хангахын сацуу улс төрийн албан тушаал эрхэлж хуулийн хоригт ороогүй нэр цэвэр байв. Харин 2025 онд дахин томилогдохдоо хууль зөрчсөн баримтыг та бид харж байна.


Монгол Улсын Засгийн газрын тамгаар баталгаажуулсан ажлын хэсэг байгуулах тухай Ерөнхий сайдын энэ захирамжид Ж.Болдыг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх хэмээн цагаан дээр хараар бичсэн байна. Огноог нь харвал Ж.Болд генералыг хоёрантаа Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдохоос яг хоёр сарын өмнөх ЗАХИРАМЖ ажээ.
Одоо дахиад нэг хуулийн заалт. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх нь Төрийн улс төрийн албан тушаал” хэмээн хуульчилсан байдаг.
Г.Занданшатар Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 22-ны Захирамж нь Ж.Болдыг Ерөнхий сайдын зөвлөх байсан гэдгийг батлах бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан томъёоллоор тэрбээр улс төрийн албан тушаал эрхэлж байжээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатарын 2025 оны 75 дугаар захирамжаар Ж.Болд нь улс төрийн албан тушаал эрхэлж байсан нь батлагдаж байгаагаараа 2025 оны аравдугаар сард түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсон Засгийн газрын шийдвэр нь хууль зөрчжээ гэдгийг нотлож байна.
Улс төрийн албан тушаал эрхэлж байсан хэн боловч Цагдаагийн төв байгууллагын даргаар ажиллаж болохгүй гэдгийг Цагдаагийн албаны тухай хуулиар хориглосоор байхад шүү!!!
А.Болд






















































