
Монгол, Германы хамтарсан найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмын “Vision Awards” шагнал гардуулах ёслолоос дөрвөн шагнал хүртлээ. Тус бүтээл “Vision of Jiseok”, “Hylife Vision”, “NETPAC” болон Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны “FIPRESCI” шагналыг хүртсэн байна.
Энэ нь Монголын кино урлагийн олон улсын тавцанд гаргасан онцлох амжилтуудын нэг болж байна. Найруулагч С.Бямбын шинэ бүтээл дэлхийн нээлтээ Бусаны 31 дэх удаагийн наадмын хүрээнд аравдугаар сарын 11-нд хийсэн бөгөөд “Vision to Asia” хэсэгт өрсөлджээ.
“Зогсоол” киноны үйл явдал Монгол Улсад COVID-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэн үеэр өрнөдөг. Алслагдсан сумын төвийн амьдрал, сумын цорын ганц шатахуун түгээх станцын эрхлэгч, өрх толгойлсон залуу бүсгүй Хандаа болон шатахуун тээврийн жолооч Сүмбэрийн түүхээр дамжуулан цар тахлын үеийн хүмүүсийн амьдрал, харилцаа, нийгмийн нөхцөл байдлыг өгүүлдэг байна.
Шагналын тодорхойлолтод тус киног ёжлол, зүйрлэл, кино хэлний уран хослолоор дамжуулан цар тахлын үеийн хүний зовлон бэрхшээлийг харуулж, бусдыг ойлгон энэрэх сэтгэл, сэтгэлийн хат, итгэл найдварын талаар эргэцүүлэл төрүүлсэн бүтээл хэмээн онцолжээ.
“Зогсоол” киног Монгол, Герман, Франц, Тайланд, Камбожийн 50 гаруй уран бүтээлчийн хамтын хүчээр бүтээсэн бөгөөд зураг авалтыг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийсэн байна. Кино Монголын үзэгчдэд 2026 оны арваннэгдүгээр сард хүрэхээр төлөвлөгджээ.
Л.Баяр

















































