
2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших боломжтой улстөрчдийн дундаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг олон нийтийн санал асуулгад хамгийн өндөр үзүүлэлттэй хэвээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль ирэх оны зургадугаар сард болно. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намаас нэр дэвших боломжтой улстөрчдийн дунд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг олон нийтээс хамгийн өндөр дэмжлэг аваад буйг гадаадын хөндлөнгийн судалгааны байгууллагуудын дүн харуулсаар байна.
“National Opinion” судалгааны байгууллагын дүнгээр, АН-аас хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшвэл дэмжихийг асуухад оролцогчдын 22.88 хувь нь Н.Алтанхуягийг нэрлэжээ. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 7.37 хувь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 5.72 хувийн үзүүлэлттэй гарсан байна.
Мөн бусад гадны хөндлөнгийн судалгааны байгууллагуудын гаргасан дүнгээр түүний ретинг өндөр хэвээр байна. Тухайлбал, MEC судалгааны байгууллагын 2026 оны наймдугаар сард хийсэн судалгаанд Н.Алтанхуяг 33 хувь, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 18 хувь, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр 15 хувийн дэмжлэг авчээ.
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд түүнээс гадна УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, С.Ганбаатар, Д.Ганбат, Ж.Баярмаа, С.Одонтуяа болон АН-ын дарга О.Цогтгэрэл нарын нэр мөн яригдаж байна.

Л.Баяр





















































