
Дэлхийг тасралтгүй тойрон аялж байсан тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоц Ираны дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлтийн улмаас Камбожид аяллаа зогсоож, зорчигчдоо буулгажээ. Тус хөлөг онгоц хоёр гаруй жилийн турш дэлхийг тойрон аялсан бөгөөд зорчигчдынх нь зарим нь уг хөлөгт байнга амьдардаг байв.
АНУ-ын Флорида мужид төвтэй Villa Vie Residences компанийн эзэмшдэг Villa Vie Odyssey хөлөг онгоц аравдугаар сарын 28-ны байдлаар Камбожийн Сиануквиль боомтод зогсож байжээ. Тус компани мягмар гарагт үйл ажиллагаагаа түр зогсоож, зорчигчдод түр хугацаанд байрлах газар олохоор ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Компанийн мэдээлснээр, Ираны дайн эхэлснээс хойш шатахууны зардал эрс нэмэгджээ. Өмнө нь нэг бүхээгт ногдох сарын шатахууны зардал дунджаар 1,800 ам.доллар байсан бол Азийн зарим бүс нутагт 6,000–8,000 ам.долларт хүрсэн байна.
Шатахууны хэрэглээг бууруулахын тулд хөлөг онгоцны хурдыг багасгаж, боомтуудад илүү удаан зогсох арга хэмжээ авсан ч зардлын өсөлтийг нөхөж чадаагүй аж. Компани бүх нэмэгдсэн зардлыг зорчигчдод шилжүүлэх нь бодитой шийдэл биш гэж үзжээ.
Хөлөг онгоц аравдугаар сарын 2024 онд Умард Ирландын Белфаст хотоос аяллаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн долоон тивийн 400 гаруй чиглэлд хүрэхээр төлөвлөж байв. Камбожийн албаныхны мэдээлснээр, тухайн үед хөлөг онгоцонд 15 улсын 203 зорчигч, 156 багийн гишүүн байжээ. Зарим зорчигч хөлгөөс буух тухай мэдэгдлийг ердөө долоон цагийн өмнө авсан бөгөөд өөрсдөө байрлах газар хайхаас өөр аргагүй болсон байна. Хөлөг онгоцны оператор компани ирэх 60 хоногт санхүүжилтээ сэргээх, үйл ажиллагаагаа өөрчлөн зохион байгуулах боломжийг судлахаар төлөвлөжээ. Гэвч аяллаа хэзээ үргэлжлүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Л.Баяр



















































