
Карибын тэнгисийн орнууд Их Британиас боолын худалдааны төлөө албан ёсоор уучлал хүсэж, нөхөн төлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийхийг шаардаж байна. Их Британийн хаан III Чарльз боолчлолын түүхэн өв, түүнээс үүдсэн шударга бус явдлын асуудлыг ирэх долоо хоногт болох Хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэхээ мэдэгдлээ.
Тэрбээр аравдугаар сарын 27-нд Багамын арлуудад хийсэн айлчлалынхаа үеэр өнгөрсөн түүхийн зовлон шаналал, шударга бус явдлыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн онцолсон байна. Мөн Багамын арлуудын өнөөгийн соёлын хамгийн баяр баясгалантай, итгэл найдвар төрүүлсэн, гэрэл гэгээтэй талуудын зарим нь харанхуй түүхийн дундаас бий болсон гэжээ.
III Чарльз хаан Карибын тэнгисийн бүс нутагт есөн өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд Багамын арлууд, Гайана улсад очсоны дараа Антигуа ба Барбуда улсад болох Хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцоно. Арваннэгдүгээр сарын 1-4-нд зохион байгуулагдах уг уулзалтад 56 улсын төлөөлөгч оролцох юм.
Карибын тэнгисийн орнууд Их Британиас Атлантын далай дамнасан боолын худалдаанд гүйцэтгэсэн түүхэн үүргийнхээ төлөө албан ёсоор уучлал хүсэж, нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцэхийг шаардаж байна. Карибын тэнгисийн хамтын нийгэмлэг (CARICOM) уг асуудлыг дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудалд оруулахыг зорьж буйгаа өмнө нь мэдэгдсэн. Багамын арлуудын Нөхөн төлбөрийн асуудал хариуцсан үндэсний хороо хааны мэдэгдлийг хангалтгүй гэж үзжээ. Тус хороо түүхэн зовлон зүдгүүрийг хүлээн зөвшөөрөхөөс гадна Их Британийн төр, хаант засаглалын түүхэн үүрэг хариуцлагыг тодорхой ярьж, албан ёсны уучлал хүсэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Гэвч Букингемийн ордон хаан айлчлалынхаа үеэр өнгөрсөн түүхийн хар бараан талыг хөндөх боловч албан ёсоор уучлал хүсэхгүй гэдгийг урьдчилан мэдэгджээ. Их Британийн Засгийн газрын одоогийн байр суурь мөн санхүүгийн нөхөн төлбөр олгохыг дэмжихгүй байгаа юм.
Л.Баяр





















































