
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом” багийн барилдааны 2026–2027 оны шинэ улирал арваннэгдүгээр сарын 7-нд эхлэхээр товлогджээ. Энэ удаагийн тэмцээнд үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээг төлөөлсөн долоон баг өрсөлдөх бөгөөд багууд бөхчүүдээ шууд сонгон бүрдүүлсэн нь шинэ улирлын онцлог болж байна. Нээлтийн барилдаан арваннэгдүгээр сарын 7-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор мэдээлжээ.
“Алтан цом” нь үндэсний бөхийг багийн хэлбэрээр хөгжүүлэх, бөхчүүдийн ур чадвар, багийн тактик, тогтвортой амжилтыг сорих зорилготой тэмцээн юм. Өмнөх улирлуудад багуудын бүрэлдэхүүн, бөхчүүдийн сонголт, онооны өрсөлдөөн үзэгчдийн анхаарлыг татаж ирсэн бол энэ удаа долоон баг өрсөлдөх гэж байна.
Энэ жилийн “Алтан цом”-ын онцлог
Өмнөх улирлын зохион байгуулалтад баг бүрийн зарим бөхийг компаниуд сонгож, үлдсэн бөхчүүдийг сугалаагаар хуваарилах зарчим хэрэглэж байв. Харин 2026–2027 оны улиралд баг бүр найман бөхөө шууд сонгон оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь багууд өөрсдийн зорилго, барилдааны тактик, бүрэлдэхүүний зохицолд нийцүүлэн хүчээ бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн өмнөх улиралд оролцож байсан багуудын зарим нь үргэлжлүүлэн өрсөлдөнө.
“Алтан цом-2026–2027”-д хүч үзэх багууд
1. “Увс нуур” дэвжээ
Ахлагч: Дархан аварга Н.Батсуурь
Улсын Дархан аварга Н.Батсуурийн барилдааны туршлага, шийдвэрлэх мөчид даваа авах чадвар нь багийн гол давуу тал байх нь гарцаагүй. Нэрнээс нь харахад л уг багийг Увс аймгийн бөхчүүдээр бүрдүүлэх нь гарцаагүй харагдаж байна. Тухайлбал, Улсын заан Л.Энхсаруул, Улсын начин Б.Өсөхбаяр, Аймгийн арслан Г.Цоггэрэл, Б.Цагаанбанди зэрэг бөхчүүд таамагт байна.
2. “Шунхлай” баг
Ахлагч: Даян аварга Б.Орхонбаяр
“АПУ”, “Скайтел” компанийн дэмжлэгтэй багийн ахлагч Б.Орхонбаярын хувьд өнөө жилийн улсын баяр наадамд түрүүлж Даян аварга болсон. Тэр цагаас хойш дэвжээнд гараагүй байна. Уг багт Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын начин Н.Амгаланбаатар, Аймгийн арслан М.Баяржавхлан нар таамагт байна.
3. “Ажнай” баг
Ахлагч: Улсын аварга П.Бүрэнтөгс
“Ажнай корпораци”-ийн багийн ахлагч П.Бүрэнтөгс багаа хэрхэн залах нь олны анхаарлын төвд байна. Уг багийн бүрэлдэхүүнд Улсын начин Б.Гончигсүрэн тэргүүн таамагт байна.
4. “Ховд дэвжээ” баг
Ахлагч: Улсын аварга О.Хангай
“Таван богд” группийн багийг Ховд дэвжээний бөхчүүд бүрдүүлэх таамаг байна. Тухайлбал, Улсын арслан Б.Бат-Өлзий, Улсын харцага Г.Ганхуяг нар тэргүүн таамагт байна.
5. “М-Си-Эс Энержи” баг
Ахлагч: Улсын арслан Э.Батмагнай
Өмнөх улирлын шийдвэрлэх барилдаанд аваргын төлөө өрсөлдсөн уг багийг "Нэгдэл" клубийн бөхчүүд бүрдүүлэх магадлал өндөр байгаа.
6. “Эв Монгол” баг
Ахлагч: Улсын гарьд М.Лхагвагэрэл
“МИГ Даатгал” компанийн уг багийг өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн нь бүрдүүлэх магадлал өндөр байна. Жишээлбэл, Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан, Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, Я.Бумбаяр, Аймгийн харцага Б.Ренчинжүгдэр нар бүрдүүлэх байх...
7. “Хатант интернэшнл” баг
Ахлагч: Улсын заан С.Сүхбат
Өмнөх улиралд аваргын цом хүртсэн уг баг шинэ улиралд мөн анхаарал татаж байна. Тус баг 2025–2026 оны улирлын финалд “М-Си-Эс Энержи”-г 14:11-ээр ялж, тэргүүн байр эзэлсэн юм. Уг багт Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд багтах нь гарцаагүй. Өнгөрсөн жил уг багт Завханы хүчтэн Улсын начин Т.Дүгэрдорж сайн барилдсан. Улмаар тэмцээний дараа “Хатант интернэшнл” баг нэр дээрээ авсан билээ.
Өмнөх улирлын аварга хэн бэ?
2025–2026 оны “Алтан цом”-ын аваргаар улсын заан С.Сүхбат ахлагчтай “Хатант интернэшнл” баг тодорсон. Тэд финалын барилдаанд улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийг 14:11-ээр ялжээ. Гуравдугаар байрын төлөөх барилдаанд Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” баг Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ Скайтел” багийг мөн 14:11-ээр буулган авсан байна.
Өмнөх улирлын шагналын сан 1.5 тэрбум төгрөг байсан бөгөөд аварга баг 500 сая, дэд байр 250 сая, гуравдугаар байр 150 сая төгрөгийн шагнал хүртсэн.
Нээлтийн барилдаан арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагт 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Нээлтийн өдөр дараах гурван учраа зарлагджээ.
-
“Увс нуур” дэвжээ – “Эв Монгол” баг
-
“Шунхлай” баг – “М-Си-Эс Энержи” баг
-
“Ажнай” баг – “Ховд дэвжээ” баг
Нээлтийн мэдээлэлд долоон баг оролцохоор дурдсан боловч эхний өдөр зургаан багийн гурван учраа зарласан байна. Долоо дахь багийн хуваарь болон улирлын бүрэн календарь нийтэд ил болсон мэдээллээр тодорхойгүй байна.





















































Сэтгэгдэл (1)