
“Талын метал нунтаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Асхартай ярилцлаа.
-Танай компани анх удаа Япон улс руу нунтаг зэс экспортолжээ. Энэ салбарт манай улс нэг шат ахилаа. Шаардлага, шалгуур өндөр байв уу?
-Бид Япон улсын металлургийн нэр хүндтэй компани болох “JCP”тэй 2 жилийн хугацаанд харилцсаны үр дүнд Япон улс руу анхны 1 тонн нунтаг зэсээ экспортолсон. Тус компанийн нарийн шалгуурт тэнцэх шаардлага байсан. Хүлээн авагч тал зэсийн агуулгын түвшнийг хардаг. Манай бүтээгдэхүүнээр тоног төхөөрөмжийн сэлбэг, зэс шүүлтүүр, электроникийн эд анги үйлдвэрлэх туршилт хийж, ашиглаж үзсэн. Агуулга эсвэл исэлдлийн түвшинд 0.1 хувиар л өөрчлөгдөхөд эцсийн бүтээгдэхүүн алдаатай буюу гологдол гэж тооцогддог учраас тэр шалгуурыг хангах нь бидний хувьд сорилт байсан.
-Нунтаг металлургийн зах зээл өрсөлдөөнтэй. Танай үйлдвэр жилд хэдэн тонныг үйлдвэрлэж байна?
-Нунтаг металлургийн салбар нь Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын чухал хөдөлгүүр бөгөөд орчин үеийн дэвшилтэт үйлдвэрлэлийн нэг суурь юм. Энэхүү технологиор микрочип, хэлхээт хавтан зэрэг нарийн электроникийн эд ангиудаас гадна автомашины тормосны наклад, хөдөлгүүрийн бүлүүр зэрэг өндөр ачаалал даах чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэдэг. Түүнчлэн нунтаг зэсийг бусад металл нунтгуудтай өндөр нарийвчлалтайгаар хольж хайлш болгодог. Ийм байдлаар онцгой физик болон механик шинж чанар бүхий, нэмүү өртөг шингэсэн төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүн, материалуудыг гарган авах өргөн боломжтой. Манай "Талын Металл Нунтаг" ХХК үйлдвэр 2022 онд туршилтын горимоор ашиглалтад орсон. 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, Монголын нунтаг металлургийн анхны үйлдвэр. Манайх жилд 1500 хүртэлх тонн зэс нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Үйлдвэрлэлээс эхлээд экспорт хүртэл хүндрэл байв уу?
-Үйлдвэрийн үйл ажиллагаа тэр бүр санаснаар яваагүй. Яагаад гэвэл худалдан авагчдын зүгээс маш өндөр шаардлага тавьдаг салбар л даа. Бидний хувьд харилцагчидтайгаа урт хугацааны харилцаа тогтоож, итгэлийг нь олж авахын тулд нэлээн ажиллах шаардлага гарсан. Жишээ нь, анхны экспортоо гаргахын тулд “JCP” компанид дээжээ явуулж, Японы тэргүүлэх их сургуулиудад лабораторийн шинжилгээ хийлгэж, урт хугацаанд харилцан ойлголцсоны үр дүнд хоёр жилийн дараа л гадаад зах зээлд гаргалаа.
-Олон улсад нунтаг зэсийн том үйлдвэрүүд бий. Тэгэхээр шалгуур өндөр байхаас аргагүй байх л даа?
-Яг тийм. Ер нь ийм төрлийн үйлдвэр Азид Япон, Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Малайзад гээд хэдхэн улсад байдаг. Европт бас л гарын таван хуруунд багтахаар цөөн улсад маш өндөр түвшний технологийн үйлдвэрүүд бий. Тэгэхээр Монголд үйлдвэрлэе гэхэд тэр бүр улсууд итгээд авах хандлага бага. Ийм учраас бид яах ч аргагүй үйлдвэрээ үзүүлэх, өөрсдөө очиж ярилцах, туршилтын дээж илгээх гээд олон процесст урт хугацаа зарцуулсан.
-Тэгэхээр танай нунтаг зэсийн чанар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ч шаардлага хангажээ?
-Манай үйлдвэр нь Лондонгийн Металлын Биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК болон толгой компани болох “Степпкупер” ХХКийн дэмжлэгтэй төсөл. Монголд аж үйлдвэрийн шинэ боломж нээхийн төлөө явж байгаа бичил үйлдвэр. Англи болон Германаас тоног төхөөрөмжөө худалдан авч суурилуулсан. Тухайн орнуудын инженерүүдтэй гар нийлж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Гэхдээ төслийн дийлэнх ажил монгол инженер, менежер, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч нарын ур чадвар, зүтгэлээр боссон. “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийг ашиглан “усаар атомжуулах” гэх технологиор өндөр чанартай зэсийн нунтаг үйлдвэрлэж байна.
-Японоос гадна экспортоо тэлэх ямар зорилго байна?
-Нэгдүгээрт, БНХАУтай борлуулалтын харилцаагаа гүнзгийрүүлэх шаардлага бий. Хоёрдугаарт, БНСУ-д сонирхсон компани олон байдаг. Гэвч хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байхгүй учраас “тарифын хана” хязгаарладаг. Тиймээс ч Өмнөд Солонгост манай үнэ өрсөлдөхүйц байж чадахгүй нөхцөлд байна. Хэрэв чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихвал Өмнөд Солонгосын зах зээл ч бидний хувьд маш том боломж юм.
-Нунтаг зэсийн экспортод тулгарч байгаа нэг бэрхшээл байх нь ээ?
-Тийм. Өнөөдөр манай улс зөвхөн Японтой эдийн засгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хэлэлцээртэй учраас борлуулалт хийж болж байна.
-Өөр ямар бэрхшээл байна?
-Үйлдвэр нээгдэв үү, үгүй юу гааль болон татварын хамтарсан шалгалт орж ирсэн. Бараг хагас жил ач холбогдолгүй бичиг цаас солилцож, тайлбар тавьсаар манай жижиг үйлдвэрийн ажил саатсан. Ийм төрлийн хүнд суртал бүрэн арилж өгөхгүй байсаар байна. Жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлын 50%ийн баталгаа гээд үйл ажиллагаа жигдрээгүй үйлдвэрээс нэхэмжлээд авчихдаг. Ажлаа хийгээд, тайлангаа өгөхөд тэр 50% нь буцаагдахгүй гэдэг. Уг нь байгаль орчны төлөвлөгөөний хүрээнд аж ахуйн нэгж ажлаа хийгээгүй бол төр оронд нь гүйцэтгүүлэхээр ийм баталгаа авч, зарцуулах журамтай байдаг. Гэтэл ажлаа хийчхээд байхад буцааж өгдөггүй практик Монголд байдаг юм байна. Манайх долоохон хүнтэй жижиг үйлдвэр тул ийм зохицуулалтууд үндсэн ажилд анхаарал хандуулах боломжийг үнэхээр үгүй хийдэг. Дашрамд хэлэхэд бид татвар болон хуулийн бүх үүргээ нэртэй, төртэй хэрэгжүүлж ирсэн. Тэгсээр ч байгаа.

Бас нэг бэрхшээл байгаа нь цаг хугацаа. Нунтаг металлургийн зах зээл өрсөлдөөн ихтэй. Тийм болохоор экспортлоход бүтээгдэхүүний чанараас гадна цаг хурдан шуурхай хүргэх нь их чухал. Хятад, Тайвань, Өмнөд Солонгосын үйлдвэрүүд олон улсын зах зээлд нийлүүлэхдээ ердөө хоёроос гурван долоо хоног л зарцуулж байна. Үнийн санал өгөх, бүтээгдэхүүний дээж илгээх, гэрээ байгуулах, хүргэхэд дээд тал нь ийм хугацаа орж байна. Гэтэл манайх дөнгөж дээжээ явуулахад л бүтэн сар шаардагддаг. Заримдаа илүү сунжирна. Дээжийн тодорхойлолт авах гэж 2 долоо хоног, гарал үүслийн бичиг авах гэж 1 долоо хоног, гаалийн бүрдүүлэлт гээд дахиад доод тал нь 12 долоо хоног болно. Гаалийн бүрдүүлэлт дээр уул уухайн бүтээгдэхүүн мөн, биш гэж мэтгэлцэнэ. Энэ бол түүхий эд биш аж үйлдвэрийн бүтээгдэхүүн шүү гэдгийг ойлгохгүй уул уурхайн зохицуулалтад хамруулах гэж хүчилдэг. Хамгийн багадаа 1 сар, дунджаар 2 сар ингэж зарцуулахад гадаадын худалдан авагч аль хэдийн өөр газрыг сонгосон байдаг.
-Тэгэхээр зохицуулалт хэрэгтэй байна гэж үү?
-Тийм. Манай улсын хувьд нунтаг зэсийг уул уурхайгаас тусдаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгож, энэ дагуу зохицуулалт хийх ёстой. Төрийн байгууллагууд уялдаатай, шуурхай ажилладаг байх шаардлагатай байна. Үнэнийг хэлэхэд, өмнө нь Европ ба АНУын хэд хэдэн компани бидэнтэй идэвхтэй харилцаж байгаад гэрээ байгуулах шатанд зогссон нь чанар гэхээс илүү цаг хугацаанаас үүдэлтэй байлаа. Жишээ нь, хоёр жилийн өмнө АНУ-д нунтаг зэс үйлдвэрлэдэг хоёр компанийн нэг нь нөгөөгөө худалдан аваад монопол болсон. Тэгмэгц тэдний харилцагч Хойд Америкийн технологийн компаниуд нийлүүлэлтээ төрөлжүүлэхийн тулд манайхыг ихэд сонирхож, асуулгаар булсан, дээж хүссэн. Биднийг дээжүүдээ илгээсээр байтал сул орон зайг Өмнөд Солонгос, Хятадын компаниуд дүүргэчихсэн.
-Тээвэр логистикийн асуудал бий юу?
-Байгаа. Манай бүтээгдэхүүн БНХАУын газар нутгаар дамжиж гуравдагч зах зээл рүү гарахад хүндрэлтэй байдаг. Хятадын гааль болон хяналтын байгууллагуудын зүгээс олон асуулга тавьдаг, явуулдаггүй. Ийм учраас Японы экспортыг бид ОХУ-ын Владивостокын боомтоор дамжуулж хүргэж байна. Гэтэл энэ чиглэл Тяньжиньтай харьцуулахад гурав дахин өндөр зардалтай. Бид зөвхөн энэ маршрутад түшиглэн дэлхийд өрсөлдөх боломжгүй. Зөвхөн манайх гэлтгүй Монголын олон компани ижил асуудалтай тулгарч байгаа. Иймд энэ асуудлыг БНХАУ-тай хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын түвшинд ярилцах шаардлагатай гэж бодож байна.
-Нунтаг металлурги үйлдвэрлэгч улс орнууд дотоодын үйлдвэрүүдээ хэрхэн дэмждэг бол? Бидэнд анхаарах өөр зүйл байна уу?
-Дэлхийд нунтаг металлын үйлдвэрлэл, хэрэглээний тал хувь нь БНХАУд төвлөрч байна. Тэдэнд үйлдвэрлэгчдийг дэмжсэн кластр орчин байна. Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомашин үйлдвэрлэгчид нь дотоодын үйлдвэрээсээ худалдан авдаг. Засгийн газар нь ч үүнийг тарифын болон худалдааны бодлогоор дэмждэг. Монгол улсад автомашины үйлдвэрлэл байхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн том харилцагч болох БНХАУ-тай Евроазийн холбоотой байгуулсан шиг тодорхой тооны бүтээгдэхүүн дээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, экспортын тээврийн асуудал дээр тодорхой тохиролцоонд хүрэх шаардлага байна. Ингэхгүй бол бид хүдэр, баяжмал, ноос, мах гээд түүхий эд эсвэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлоод байхаар эдийн засаг солонгорохгүй, өөдлөхгүй байна. Өндөр технологийн мэргэжил, мэргэшил эзэмшсэн монголчууд дотооддоо ажиллаж, амьдрах нөхцөлгүй байна шүү дээ. Яг л үйлдвэрүүдээ дэмжье гэвэл гол зах зээл болох БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, баруун Европын зах зээлийг өөрсдөдөө нээх ёстой. Нээхийн тулд бид өрсөлдөхүйц л байх ёстой. Үүний тулд хямд эрчим хүч, хаашаа л бол хаашаа хүргэдэг тээвэр, логистикийн дэд бүтэц чухал байна. Олон улсын гэрээ, дотоодын хуулийн зохицуулалт, төрийн байгууллагуудын уялдаа, чадавх гээд зөөлөн дэд бүтцээ ч стратегитай сайжруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эх газрын мухарт, далайд гарцгүй Монголдоо дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийд өрсөлдөх үнэндээ хэцүү байна.
-Зэсийн нунтгаа дотооддоо ашиглаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар судалгаа хийж байгаа юу?
-Нунтаг зэсийг металлын болон металлын бус нунтагтай хольж цэвэр усны зэс хоолой, өөрийгөө тосолдог холхивч, тормосны наклад зэрэг үрэлтийн материалуудыг үйлдвэрлэж болж байна. Автомашины төрөл бүрийн сэлбэг, тухайлбал хөдөлгүүрийн бүлүүр, унтраалга, холбогч, хөргүүрийн хавтан хийж байна. Түүнчлэн металл 3D хэвлэлтээр гаргаж авах нарийн хийцтэй бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр бид нэмүү өртөг шингэсэн, өндөр технологийн эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэн, дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Манай “Талын метал нунтаг” ХХК энэ чиглэлээр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Японы Нагаокагийн Технологийн их сургуультай хамтран ажиллаж байна. Японтой бий болсон харилцаанд япон эрдэмтэн Др. Масао Токита болон ШУТИСийн Механик инженер, тээврийн сургуулийн профессор М. Дэлгэрмаа багшийн хувь нэмэр их байсныг энэ дашрамд дурдаж, талархал илэрхийлмээр байна. Тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж, хамтран ажиллаж буй Туушин компанид бас талархаж байна.
-Ярилцсанд баярлалаа.


















































