
Дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаныг жил бүрийн аравдугаар сарын 24-нд тэмдэглэдэг. Өнөөдөр буюу аравдугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр тохионо. Энэ өдөр 1945 онд НҮБ-ын дүрэм хүчин төгөлдөр болж, олон улсын байгууллага албан ёсоор байгуулагдсан түүхэн үйл явдлыг тэмдэглэдэг юм.
Дэлхийн II дайны дараа улс орнууд дахин томоохон дайн гарахаас урьдчилан сэргийлэх, олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх, улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор НҮБ-ыг байгуулахаар нэгдсэн байна. 1945 оны дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 26-ны хооронд АНУ-ын Сан-Франциско хотод болсон бага хуралд 50 улсын төлөөлөгч оролцож, НҮБ-ын дүрмийг боловсруулжээ.
Улмаар 1945 оны аравдугаар сарын 24-нд дүрэм хүчин төгөлдөр болсноор НҮБ албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тус байгууллагын өдрийг 1948 оноос эхлэн жил бүр тэмдэглэж иржээ. Өдгөө НҮБ нь 193 гишүүн оронтой бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хүний эрхийг хүндэтгэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. НҮБ-д элссэн нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын түвшинд баталгаажуулах, дэлхийн улс орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд энхийг сахиулах ажиллагаа, тогтвортой хөгжил, боловсрол, хүний эрх болон байгаль орчны хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж иржээ. Тухайлбал, Монголын цэргийн алба хаагчид 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна. НҮБ-ын өдөр нь улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, энх тайвны үнэ цэнийг эргэн санахын зэрэгцээ дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэхийн ач холбогдлыг онцолдог өдөр юм.
Л.Баяр



















































