
Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км ачаа тээврийн замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэх агуулга бүхий гомдол мэдээллийг хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүллээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км авто зам, зурвас газрыг нэр бүхий төрийн бус байгууллагад гурван жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
Гэрээний үүргийн хэрэгжилтийг судлахад авто зам гэрээгээр эзэмшигч нь орон нутгийн зам, замын байгууламж ашигласны төлбөрийн тодорхой хувийг аймгийн авто замын санд бүрэн төвлөрүүлдэггүй, нөгөө талаас гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээ авдаггүй, 2024, 2025 онд уг авто замаар аж ахуйн нэгжүүдийн давхардсан тоогоор 95840 удаа зорчсоны төлбөр болох 958.3 сая төгрөг төвлөрүүлэх ёстой байтал 438,2 сая төгрөг төвлөрүүлсэн, гэрээний талууд нь ашиг сонирхлын зөрчилтэй, бусдад давуу байдал үүсгэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, тус замаар зорчих тээврийн хэрэгслийн бүртгэлийг орчин үеийн техник технологид тулгуурлан боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллахыг зөвлөв.
Зөвлөмжийн мөрөөр Өмнөговь аймгийн Засаг даргаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дутуу төвлөрүүлсэн 103,040,000 төгрөг, дутуу мэдээлсэн 65,815 рейст ногдох 658,150,000 төгрөг, нийт 761,190,000 төгрөгийн төлбөрийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэх арга хэмжээ авч бодит үр дүн гарлаа.
















































