
АНУ-ын Нью-Йорк хотын шүүх бэлгийн мөлжлөг, хүний наймаа болон бусад гэмт хэрэгт буруутгагдсан Алон, Тал, Орен Александр нарыг өнгөрсөн мягмар гарагт тус бүр 30 жилийн хорих ялаар шийтгэлээ. Шүүх хуралд хохирогчид оролцож, олон жилийн турш амссан хүчирхийлэл, сэтгэл санааны хохирлынхоо талаар мэдүүлэг өгсөн байна.
Нью-Йорк, Майамигийн чинээлэг хүрээлэлд танигдсан ах дүү гурвын хэрэг олон нийтийн анхаарлыг татсан юм. Тал, Орен Александр нар тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зуучлалаар ажиллаж байсан бол тэдний ихэр Алон гэр бүлийнхээ хамгаалалтын компанид удирдах албан тушаал хашиж байжээ. Прокуроруудын мэдээлснээр, ах дүүс олон жилийн турш эд хөрөнгө, нийгмийн нэр хүнд, харилцаа холбоогоо ашиглан эмэгтэйчүүдийг тансаг байшин, аялал, арга хэмжээнд урьж, улмаар заримынх нь ундаанд мансууруулах болон тайвшруулах үйлчилгээтэй бодис хийж, хүчирхийлдэг байсан аж.
![]()
Тэдний үйлдэл 2008 оноос 2021 он хүртэл үргэлжилсэн гэж мөрдөн шалгах байгууллагууд үзжээ. Прокуроруудын мэдээлснээр, 70 гаруй эмэгтэй тэдний үйлдлийн талаар гомдол гаргасан бөгөөд шүүх хурлын үеэр 11 эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдүүлсэн байна. Ялын тогтоол сонсох шүүх хуралд 12 эмэгтэй мэдүүлэг өгсөн байна. Тэдний нэг нь шүүхэд хэлэхдээ, эдгээр эрчүүд эмэгтэйчүүдийн амь нас, бие махбод, дуу хоолойг олон жилийн турш үл тоомсорлосон хэмээн мэдэгджээ.
Хэргийг шүүсэн холбооны шүүгч Валери Капрони ах дүү нарын үйлдлийг маш ноцтой гэж тодорхойлсон байна. Тэрбээр шүүхэд мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүдийн үгийг үнэмшилтэй гэж үзэж, яллагдагчдын гэм буруугүй гэсэн тайлбарыг няцаажээ. Ах дүү нарын өмгөөлөгчид хамгийн багадаа 15 жилийн хорих ял оноохыг хүссэн бол прокурорууд үйлдсэн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан бүх насаар нь хорих ял оноохыг хүссэн байна. Шүүх эцэст нь тэдэнд тус бүр 30 жилийн хорих ял оноожээ.
Шүүх хурал дээр Орен Александр өөрийн болон ах дүүсийнхээ өмнөөс мэдэгдэл хийж, тэд хэнийг ч мансууруулж, хүчиндээгүй, хүний наймаа хийгээгүй гэж мэдэгджээ. Тал, Алон нар ч мөн гэм буруугүй гэдгээ илэрхийлсэн байна. Гэвч шүүгч тэдний мэдэгдлийг няцааж, хохирогчдын өгсөн мэдүүлэг болон шүүх хурлаар танилцуулсан нотлох баримтад үндэслэн ял оноожээ. Ах дүү гурав шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.
Л.Баяр



















































