
Килиан Мбаппегийн Мао Зэдуны тухай хэлсэн үг маргаан дэгдээсний дараа Хятадын төрийн телевиз Ла лигийн тоглолтууд болон түүний оролцсон сурталчилгааг цацахаа түр зогсоожээ. Хятадын төрийн өмчит China Media Group (CMG) байгууллага Испанийн хөлбөмбөгийн дээд лиг болох Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахаа зогсоосноо аравдугаар сарын 27-нд мэдэгдсэн байна. Тус байгууллага нь Хятадын төв телевиз CCTV-г хариуцдаг юм.
Энэхүү шийдвэр Реал Мадридын довтлогч Килиан Мбаппегийн ярилцлагын үеэр хэлсэн үгтэй холбоотой аж. Тэрбээр Францын “The Bridge” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийнх нь хамгийн их инээд хүргэсэн мийм буюу цахим хошигнолын талаар ярихдаа нүүр царайг нь Хятадын удирдагч асан Мао Зэдуны зураг дээр давхарласан дүрсийг найзуудтайгаа тоглоом шоглоом болгон ашигладаг гэж хэлжээ.
Мбаппе Мао Зэдуныг нэрээр нь шууд дурдаагүй ч цахим орчинд тархсан уг дүрс Хятадад хүчтэй шүүмжлэл дагуулсан байна. Тус улсын төрийн хэвлэл мэдээллийн байгууллагаас Ла лигийн тоглолтуудын дамжуулалт болон Мбаппегийн оролцсон сурталчилгааг зогсоосон бөгөөд уучлал хүсэхийг шаарджээ. Үүний дараа Хятадын хэд хэдэн компани Мбаппетэй байгуулсан сурталчилгааны хамтын ажиллагаагаа цуцалсан байна. Тэдгээрийн дунд "Dongpeng Beverage", "Mengniu" болон "Milkground" компани багтаж байгаа юм.
Улмаар Мбаппе өчигдөр уучлал хүсэж, хэлсэн үгээ бодлогогүй үйлдэл байсныг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр Хятад болон дэлхийн бусад хэсэгт амьдардаг хятад хүмүүст гомдол, таагүй мэдрэмж төрүүлсэн бол харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Ла лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас Хятадын хөгжөөн дэмжигчдээс уучлал хүсжээ.
Ла лиг өнгөрсөн наймдугаар сард "China Mobile"-ийн "Migu" платформтой дөрвөн жилийн гэрээ байгуулж, улирал бүрийн 380 тоглолтыг Хятадын эх газарт дижитал хэлбэрээр хүргэхээр тохиролцсон юм. Одоогоор телевизийн дамжуулалтыг хэр удаан зогсоох, "Migu" зэрэг дижитал платформын үйлчилгээнд мөн адил хязгаарлалт тавих эсэх талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
Л.Баяр



















































