
Өнөөдөр буюу аравдугаар сарын 28-нд дэлхийн жүдогийн өдөр тохиож байна. Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүр тэмдэглэдэг энэхүү өдөр нь жүдо бөхийн үүсгэн байгуулагч Жигоро Каногийн мэндэлсэн өдөртэй холбоотой бөгөөд энэ спортоор дамжуулан хүндлэл, нөхөрлөл, харилцан ойлголцол, эв нэгдлийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. 2026 оны дэлхийн жүдогийн өдрийг “Belonging” буюу “Харьяалагдах мэдрэмж” уриан дор тэмдэглэж байна. Энэ нь хүн бүр жүдо бөхөөр хичээллэх боломжтой байхаас гадна өөрийгөө тухайн хамт олны нэг хэсэг гэдгээ мэдэрч, хүндлүүлэн, дэмжлэг авах ёстой гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер энэ өдрийг тохиолдуулан гаргасан мэндчилгээндээ жүдо бөх нь зөвхөн бие бялдрын хөгжил, тэмцээний амжилтаар хязгаарлагдахгүйг онцолжээ. Түүний хэлснээр жүдо нь хүнийг өөрийгөө хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, нөхөрлөл бий болгох, бусдыг дэмжихэд сургадаг. Жүдо бөхийн ёс суртахууны үндсэн зарчимд эелдэг байдал, эр зориг, үнэнч шударга зан, нэр төр, даруу төлөв байдал, хүндлэл, өөрийгөө хянах чадвар, нөхөрлөл багтдаг. Эдгээр үнэт зүйл нь тамирчдын бэлтгэл, тэмцээнээс гадна өдөр тутмын амьдралд ч чухал ач холбогдолтой юм.
Жүдо бөхийн өдөр хэрхэн үүссэн бэ?
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ. Тэрээр эртний жюү-жицүгийн арга барилыг судлан, бие бялдар төдийгүй оюун санаа, хүмүүжилд чиглэсэн жүдо бөхийн тогтолцоог бий болгосон байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо 2011 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг дэлхийн жүдогийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр дэлхийн улс орнуудын жүдо бөхийн холбоод, клуб, дасгалжуулагч, тамирчид нэгдэж, спортын эерэг нөлөө болон хүмүүжлийн ач холбогдлыг олон нийтэд таниулдаг уламжлалтай.
Энэ жилийн “Харьяалагдах мэдрэмж” уриа нь гарал үүсэл, нас, хүйс, бие бялдрын онцлогоос үл хамааран хүн бүр жүдо бөхийн хамт олонд өөрийн гэсэн байр суурьтай байх ёстойг сануулж байна. Тиймээс дэлхийн жүдогийн өдөр нь зөвхөн тамирчдын баяр бус, хүндлэл, нөхөрлөл, эв нэгдлийг эрхэмлэдэг хүн бүрийн тэмдэглэлт өдөр юм.
Л.Баяр





















































