
АНУ-ын Аляска мужийн Жуно хотод нэгэн баавгай эзэнгүй байсан автомашинд орж, дотроос нь гарч чадахгүй болсноор машины салоныг бүхэлд нь сүйтгэсэн хэрэг гарчээ. Уг явдал аравдугаар сарын 26-ны даваа гарагт шөнө дунд өнгөрч байхад болжээ. Баавгай цоожлоогүй байсан “Subaru” автомашинд орсон ч хаалга нь хаагдсанаар дотроо түгжигдсэн байна.
Автомашины дуут дохио дуугарахыг сонссон хөрш нь машин дотор баавгай байгааг анзаарч, цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар машины эзнийг сэрээж, түлхүүрийг нь авах гэсэн боловч баавгай доторх цахилгааны утсыг тасалж, хаалгыг онгойлгох боломжгүй болгосон байв.
Ингээд цагдаа нар олс ашиглан машины хаалгыг хүчээр татаж онгойлгосноор баавгайг суллажээ. Аврах ажиллагаа 5-10 минут үргэлжилсэн бөгөөд баавгай ямар нэгэн гэмтэл авалгүй зугтан одсон байна. Харин автомашины дотор талд их хэмжээний хохирол учирчээ. Суудлууд урагдаж, хуванцар эд ангиуд хууларч, хаалганы металл хэсгүүд хүртэл нугарсан байна.
Машины эзэн Майкл Уилсон даатгалынхаа талаар ярихдаа зөвхөн гуравдагч этгээдийн хариуцлагын даатгалтай байсан тул автомашинд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй болжээ. Тэрбээр “Subaru сайн машин хийдэг юм байна. Баавгай дотроос нь гарч чадаагүй” хэмээн хошигносон байна.
Уилсоны гэр бүлийнхний мэдээлснээр тухайн шөнө баавгай гурван автомашинд нэвтэрсэн ч зөвхөн тэдний машинд түгжигджээ. Энэ жил Жуно хотод баавгайн идэвхжил нэмэгдсэн нь их хэмжээний цас орж, хавар орой болсноос жимс, загасны олдоц багассантай холбоотой байж болзошгүй гэж тэд үзэж байна. Машины эзэн иргэдэд хандан автомашиныхаа хаалгыг үргэлж түгжиж, дотор нь хоол хүнс, чихэр зэрэг зүйл үлдээхгүй байхыг анхааруулжээ.
Л.Баяр





















































