
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод өнөөдөр эхэллээ. Өнөөдөр МУГТ Д.Отгонжаргал тэргүүтэй манай дөрвөн бөх барилдахаар байна.
50 кг: Д.Отгонжаргалын гол өрсөлдөгчид нөгөө хэсэгт багтжээ

50 кг-ын жинд МУГТ Долгоржавын Отгонжаргал барилдана. Түүний сугалаа харьцангуй боломжийн байгаа бөгөөд эхний тойргуудад Марокко, Польшийн бөхчүүдтэй учраа таарах төлөвтэй байна. Улмаар Энэтхэгийн Мераам, АНУ-ын Турнер нарын аль нэгтэй хүч үзэх боломжтой. Харин олимпын аварга Японы Юи Сүсаки, БНХАУ-ын Юй Фэн нар сугалааны нөгөө хэсэгт багтжээ. Д.Отгонжаргал өөрийнхөө формыг олж, шилдэг барилдаанаа гаргаж чадвал финалд шалгарах бүрэн боломжтой.
57 кг: Б.Хуланг Хятадын бөхтэй хийх барилдаан хүлээж байна

57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Батхуягийн Хулан эхний барилдаанаа Бразилын бөхтэй хийнэ. Улмаар ялалт байгуулбал БНХАУ-ын гол найдваруудын нэг К.Хонгтой хүч үзэх магадлалтай. Монгол, Хятадын бөхчүүд хоорондоо сайн судалгаа хийсэн байх учраас энэ барилдаанд тактик, сэтгэлзүй чухал нөлөө үзүүлэхээр байна. Хэрэв Б.Хулан эдгээр учрааг давж чадвал финалд шалгарах боломжтой. Харин сугалааны нөгөө хэсэгт Х.Мариуолиус тэргүүтэй хүчтэй өрсөлдөгчид багтжээ.
65 кг: Т.Энхжин өнгөрсөн жилийн амжилтаа ахиулах зорилготой

65 кг-ын жин дэх дэлхийн чансааны 2-р байрт эрэмблэгдээд буй өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Түвшинжаргалын Энхжин барилдана. Түүний хувьд, шигшээ 16-д Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Германы тамирчны ялсныг хүлээж байна.
76 кг: Э.Даваанасан дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийг зорьж байна
.jpg)
76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Энх-Амарын Даваанасан барилдана. Тэрбээр эхний учраадаа Оросын Силинатай, дараа нь Энэтхэг эсвэл Японы бөхтэй барилдах магадлалтай. Улмаар ялалтаа үргэлжлүүлбэл Кыргызстаны Медиттэй хүч үзэж болзошгүй байна. Э.Даваанасан 2023 онд Белград хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэнээс хойш гурван жил өнгөрчээ. Тиймээс энэ удаагийн тэмцээн амжилтаа ахиулж, дэлхийн дэвжээнд дахин медаль хүртэх чухал боломж юм.
Барилдааны цагийн хуваарь
-
15:30 цаг: Урьдчилсан барилдаанууд эхэлнэ.
-
21:30 цаг: Хагас шигшээ барилдаанууд эхэлнэ.
Цагийг Монголын цагаар тооцов. Астана хот Монгол Улсаас гурван цагийн зөрүүтэй.
Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд маргааш буюу аравдугаар сарын 28-нд болно.
Л.Баяр





















































