
Казахстаны Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ өдөр манай зургаан бөх хүч үзэх гэж байна.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүч үзэх Г.Батнасан эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Японы Тошихиро Хасегаватай барилдахаар болов.
70 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байгаа тул эхний тойрогт гоц мөргөж, дараагийн шатнаас барилдаанаа эхлүүлэхээр болжээ. Тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин юм.
Харин 86 кг-ын жинд Н.Батбилгүүн дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпын наадмын хошой хүрэл медальт АНУ-ын Кайл Дэйктэй хүч үзнэ. Энэ нь манай бөхөд томоохон сорилт болох юм.
125 кг-ын жинд Б.Намбардагва Беларусийн бөх Дзианис Храмянкоутай учраа таарлаа. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр нар дагах барилдаан хийхээр болсон байна.
Л.Баяр



















































