
Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ердөө нэг хүрэл медальтай ирж, үзэгч дэмжигчдийнхээ урмыг хугалсан үйл явдал саяхан болсон. Хамгийн өндөр төсөвтэй тус холбооны бодлого, тамирчдын бэлтгэлжилт хэр төвшинд хангагдаж байгааг дэлхийн дэвжээ харуулах шиг. Олимп болоход хоёр жил хүрэхгүй хугацаа үлдээд байна.
Гэтэл ДАШТ-ээс нэг хүрэл медаль ганзагалсан тус холбоо, шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлагаа хүлээсэнгүй, ард түмнээсээ уучлалт ч гуйсангүй. 2019 онд яг ийм үйл явдал тохиож, тус холбооны генсек болон шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон билээ.
Тодруулбал, 2019 онд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурал болсон бөгөөд энэ үеэр ДАШТ-д алтан медаль хүртэж чадаагүй, хангалттай амжилт гаргаагүй гэх үндэслэлээр МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Ерөнхий дасгалжуулагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Баттулга туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од туслах дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа туслах дасгалжуулагч Г.Дашдаваа нар үүрэгт ажлаа сайн дураар хүлээлгэн өгсөн юм.
Харин өдгөө шигшээ багт байгаа дасгалжуулагчид Л.Энхрийлэнгийн хүртсэн хүрэл медалийн ард нуугдан ажлаа үргэлжлүүлж байгаа нь ёс зүйгүй. Жүдо бол хүндлэл, бас ёс зүйтэй байдгаараа ялгардаг спорт. Мөн татвар төлөгчдийн төлсөн мөнгийг үр дүнгүй болгосон асуудлыг сөхөх нь зүйтэй санагдана.
Сануулахад, 2019-2024 онд Жүдо бөхийн холбооны ахлах дасгалжуулагч байсан Х.Болдбаатар “Олимпын аварга“ төрүүлэх ажлаа хангалтгүй хийсэн гэж үзэж, ажлаас чөлөөлөгдөх өнгөрөгч 2024 оны есдүгээр сард хүсэлтээ өгч ажлаасаа бууж байлаа. Улмаар түүнийг халааг Ууганбаатарын Эрдэнэбаатар авсан юм.

Л.Бат



















































