
АНУ-ын чөлөөт бөхийн залуу од Бо Бассетт Казахстаны Астана хотод болж буй 2026 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Тэрбээр ердөө 20 настай бөгөөд насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцож байгаа, бидний хэлдгээр "битүү морь" юм.
Түүний хамгийн дуулиантай барилдаан шөвгийн наймд болсон. Бо Бассетт ОХУ-ын дэлхийн аварга Абасгаджи Магомедовтой учраа таарч, эхний үед 3:12-оор хожигдож байв. Гэвч тэр барилдааны төгсгөлд гайхалтай эргэн ирэлт хийж, сүүлийн 30 секундэд оноог хөөж 14:13-аар ялалт байгуулав. Ингэснээр тэр дэлхийн аваргын хагас шигшээд шалгарч, Тажикистаны Абдулмажид Кудиевийг 12:2-оор цэвэр ялснаар финалд шалгарлаа.
Бассетт финалд Арменийн дэлхийн аварга Вазген Теванянтай учраа таараад байна. Тэрбээр 2021 онд өсвөр үеийнхний дэлхийн аварга болж, 2024 онд 20 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Харин 2026 онд Словакийн Братислав хотод болсон U20 ДАШТ-ээс алтан медаль хүртсэн юм. Улмаар тэр дөрвөн шатны ДАШТ-ээс медаль хүртсэн цөөхөн бөхчүүдийн эгнээнд багтав.
Бо Бассетт АНУ-ын Виржиниа Тек их сургуулийн бөхийн багт харьяалагддаг. Тэрбээр ахлах сургуулийнхаа бөхийн замналд 170 барилдаанд дараалан ялалт байгуулж, Пенсильвани мужийн аварга цолыг найман удаа хүртсэн амжилттай.
Л.Баяр



















































