Монгол Улсын үндэсний үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын бизнесийн боломжийг олон улсын зах зээлд сурталчлах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах “China International Import Expo – CIIE 2026” олон улсын импортын үзэсгэлэнд Монгол Улс оролцож байна.
Монгол Улсаас Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 20 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид, хоршоол, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын худалдан авагч, хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагуудад танилцуулж байна.
Ингэснээр Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гаргах, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит боломж бүрдэж байгаа юм.
“China International Import Expo” нь дэлхийн улс орнуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг БНХАУ-ын зах зээлд танилцуулах, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ юм.
Энэ удаагийн үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 5–10-ны хооронд зохион байгуулагдаж, нийт 162 улсын төлөөллүүд болон олон улсын байгууллага оролцож байна.
Монголын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, экспортлогчдын олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, гадаадын бизнесийн байгууллагуудтай шууд харилцаа холбоо тогтоох, худалдааны шинэ түншлэл бий болгох чиглэлээр олон улсын үзэсгэлэн, бизнес уулзалтуудыг дэмжин ажиллаж байна.














































