
Үндэсний дээд лигийн түүхэнд төрсөн эрэгтэй эмэгтэй ах дүүс нэгэн цаг үед хамт тоглосон хоёр дахь тохиолдол өчигдөр тохиолоо. Өмнөх түүхэн тохиолдол нь 2022-2023 оны улиралд тохиож байв.
Тухайн үед Онолбаатарын Энхбаатар, Онолбаатарын Хулан нар нэг улиралд хамтдаа тоглож байснаас гадна ах О.Энхбаатар "Эрдэнэт Майнерс" багтайгаа дүү О.Хулан нь "Улаанбаатар Амазонс" багтайгаа тус тус аваргын цом өргөсөн хосгүй нэгэн түүхийг бүтээсэн билээ.
Харин энэ улиралд Баатар-Эрдэнийн Барсболд, Баатар-Эрдэнийн Анунгоо нар энэхүү гайхалтай түүхийг давтах уу? гэсэн яриа сагсан бөмбөг сонирхогчдын дунд гараад байгаа билээ. Түүнчлэн ах дүү Барсболд, Анунгоо нар хоёулаа Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогчид юм. Тэгвэл Үндэсний дээд лигийн драфтын гурав дахь сонголт, "Panthers" багийн тоглогч 17 настай Б.Анунгоо улирлын эхний тоглолтдоо 16 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт хийж, тамирчны өндөр ур чадварыг харууллаа.
Б.Туяамарал

















































