
Монголын цахим спортын төлөөлөл The MongolZ баг БНХАУ-ын Бээжин хотод болж буй Intel Extreme Masters (IEM) Beijing 2026 тэмцээнд амжилттай оролцож, хэсгийн дээд хүснэгтийн финалд шалгарлаа. Тус баг арваннэгдүгээр сарын 3-нд болсон тоглолтод Европын HEROIC багийг 2:0-ээр буулган авсан байна. Тоглолтын эхний Inferno мапт 13:7-оор ялсан бол хоёр дахь Nuke мапт өрсөлдөгч багтай ширүүн өрсөлдөж, нэмэлт үеийн дараа 19:17-гоор хожжээ.
Үүнээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 2-нд The MongolZ баг Бразилын Legacy багтай тоглож, 2:1-ээр ялалт байгуулсан юм. Ингэснээр дараалан хоёр ялалт байгуулж, хэсгийн дээд хүснэгтийн финалд өрсөлдөх эрхээ авлаа.
Тэд өнөөдөр өмнөх шатанд Natus Vincere багийг буулган авсан FURIA багийн эсрэг тоглох гэж банйа. Тоглолт өнөөдөр 17:30 цагаас болох юм. Энэ тоглолтод ялалт байгуулбал тэмцээний плей-оффын хагас шигшээд шууд шалгарах боломжтой. HLTV-ийн арваннэгдүгээр сарын 3-ны мэдээллээр The MongolZ дэлхийн чансааны 9 дүгээр байрт, Азийн багуудаас нэгдүгээрт бичигдэж байна. "IEM Beijing 2026" тэмцээн арваннэгдүгээр сарын 2-8-ны хооронд үргэлжлэх бөгөөд нийт 16 баг 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.
Л.Баяр


















































