
Тус мужид сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд улаанбурхан өвчний улмаас хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-ын Нью-Йорк мужийн Льюис тойрогт улаанбурхан өвчний халдвар авсан хүүхэд нас барсан талаар мужийн захирагч Кэти Хокул арваннэгдүгээр сарын 2-нд мэдээлжээ. Энэ нь тус мужид сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд улаанбурхан өвчний улмаас бүртгэгдсэн анхны нас баралт болж байна.
Нью-Йорк мужийн Эрүүл мэндийн газар болон Льюис тойргийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллага хамтарсан мэдэгдэл гаргаж, хүүхдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Гэхдээ хүүхдийн нас, вакцин хийлгэсэн эсэх болон нас баралтын бусад нөхцөл байдлыг гэр бүлийнхний хувийн нууцыг хамгаалах үүднээс мэдээлээгүй байна.
Мужийн захирагч Кэти Хокул уг мэдээг сонсоод гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт гэдгийг онцолжээ. Нью-Йорк мужид энэ оны аравдугаар сарын 24-ний байдлаар улаанбурханы 178 тохиолдол бүртгэгдсэний 170 нь Нью-Йорк хотын гаднах бүс нутагт, найм нь хотод бүртгэгдсэн байна. Үүнээс Льюис тойрогт 15 тохиолдол илэрчээ.
Улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Кэти Хокул өнгөрсөн аравдугаар сард муж даяар гамшгийн онц байдал зарласан юм. Ингэснээр вакцин хийх эрх бүхий эмнэлгийн ажилтнуудын хүрээг өргөжүүлж, халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээг эрчимжүүлжээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр энэ оны аравдугаар сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурханы 4,852 тохиолдол бүртгэгдсэн байна.
Улаанбурхан нь агаар дуслын замаар маш хурдан халдварладаг бөгөөд халдвар авсан хүн өрөөнөөс гарснаас хойш вирус тухайн орчинд хоёр цаг хүртэл хадгалагдах боломжтой. Уг өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан MMR вакциныг хийлгэх юм. Хоёр тун вакцин нь улаанбурхан өвчнөөс ойролцоогоор 97 хувийн хамгаалалт үзүүлдэг байна.
Л.Баяр




















































