
Одоогоос 69 жилийн өмнө, 1957 оны арваннэгдүгээр сарын 3-ны энэ өдөр ЗХУ дэлхийн тойрог замд анх удаа амьд амьтан илгээсэн нь сансар судлалын түүхэнд томоохон үйл явдал болсон юм. Харин энэхүү түүхэн нислэгийн зорчигч нь Лайка нэртэй, Москвагийн гудамжнаас олдсон золбин нохой байв. Тэрбээр сансарт ниссэн анхны амьтан болсон ч эх дэлхийдээ эргэн ирж чадаагүй харамсалтай түүх бий.
Сансрын нислэгт бэлтгэгдсэн золбин нохой
1957 онд АНУ, ЗХУ-ын хооронд сансрын уралдаан ид өрнөж байлаа. ЗХУ аравдугаар сарын 4-нд хүн төрөлхтний анхны хиймэл дагуул болох “Спутник-1”-ийг амжилттай хөөргөсөн юм. Үүний дараа Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв "Октябрийн хувьсгал"-ын 40 жилийн ойд зориулан шинэ сансрын амжилт гаргахыг хүсжээ. Ингээд ердөө хэдхэн долоо хоногийн дотор “Спутник-2” хөлгийг бүтээж, амьд амьтан сансарт илгээхээр шийдвэрлэсэн байна.
Эрдэмтэд туршилтад ашиглах нохдыг Москвагийн гудамжнаас сонгосон бөгөөд эм нохдыг жижиг биетэй, тайван зан ааштай байдгаас нь шалтгаалан илүүд үзжээ.
Тэдгээрийн дундаас Кудрявка буюу “Буржгар үст” гэх нохойг сонгосон нь хожим Лайка хэмээн алдаршсан юм. Лайка тухайн үед ойролцоогоор гурван настай байжээ.
Нэг талын нислэг
1957 оны арваннэгдүгээр сарын 3-ны өглөө Москвагийн цагаар 05:30 цагт Байконурын сансрын буудлаас “Спутник-2” хөлөг хөөрчээ. Хөлөг дэлхийн тойрог замд амжилттай орсон бөгөөд Лайка хүн төрөлхтний түүхэнд дэлхийг тойрон ниссэн анхны амьд амьтан болов.
Хөлөгт Лайкагийн зүрхний цохилт, амьсгал, цусны даралт болон хөдөлгөөнийг хэмжих төхөөрөмж суурилуулсан байлаа. Эрдэмтэд амьд биет сансрын нислэгийн үеийн жингүйдэл, хүчтэй доргилт, даралтын өөрчлөлтийг хэрхэн даван туулахыг судлах зорилготой байв.
Гэвч “Спутник-2” хөлөг буцаж газардах зориулалттай байгаагүй. Тиймээс Лайка анхнаасаа эх дэлхийдээ эргэн ирэх боломжгүй нислэгт илгээгдсэн гэсэн үг.
Лайка хэрхэн амиа алдсан бэ?

ЗХУ анх Лайка сансарт хэд хоног амьд байж, дараа нь тусгай хоолонд нь хор хийж унтуулна гэж мэдээлж байв. Харин 2002 онд нислэгийн бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэл ил болжээ. Сансрын хөлгийн дулаан зохицуулах систем доголдсоны улмаас бүхээгийн температур огцом нэмэгдэж, Лайка хөөрснөөс хойш хэдхэн цагийн дараа хэт халалтаас болж амиа алдсан нь тогтоогдсон байна.
Харин “Спутник-2” хөлөг Лайкаг нас барснаас хойш дэлхийн тойрог замд үргэлжлэн ниссээр 1958 оны дөрөвдүгээр сарын 14-нд агаар мандалд орж шатжээ.
Лайкагийн нислэгийн дараа ЗХУ сансрын туршилтаа үргэлжлүүлсэн бөгөөд 1960 оны наймдугаар сарын 19-нд Белка, Стрелка нэртэй хоёр нохойг сансарт илгээж, дэлхийд эсэн мэнд буцаан авчирсан юм. Эдгээр туршилтууд нь 1961 онд Юрий Гагарин хүн төрөлхтний анхны сансрын нисэгч болох бэлтгэл ажлын нэг хэсэг байв. Лайкагийн түүх хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн дэвшлийн нэгэн бэлгэ тэмдэг болсон ч амьтдыг шинжлэх ухааны туршилтад ашиглах ёс зүйн асуудлыг дэлхий дахинд хөндсөн юм. Өнөөдөр түүний нэр сансрын судалгааны түүхэнд мөнхөрч үлджээ.
Л.Баяр






















































