
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентын сонгуульд ялагдсаныхаа дараа санал хураалтын үр дүнг эсэргүүцэж, Арабын намууд сонгуулийг луйвардсан хэмээн буруутгажээ. Тэрбээр сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулах шаардлага тавьсан байна.
Аравдугаар сарын 27-нд болсон сонгуулийн дүнгээр Нетаньяхугийн тэргүүлдэг Ликуд нам болон түүний холбоотнууд парламентын 120 суудлаас 53-ыг авсан бол сөрөг хүчний гол төлөөлөгч Гади Айзенкотын тал 48 суудал авчээ. Харин Арабын намууд нийт 19 суудалтай болсон байна.
Израилын парламент буюу Кнессетэд Засгийн газар байгуулахын тулд дор хаяж 61 суудлын дэмжлэг шаардлагатай. Иймээс сөрөг хүчнийхэн Арабын намуудтай хамтран ажиллавал Нетаньяхуг эрх мэдлээс нь буулгах боломж бүрдэх юм. Нетаньяху болон түүний холбоотнууд Арабын намууд сонгуулийн үеэр сонгогчдод мөнгө тараасан, гадаадын санхүүжилт авсан, санал хураалтад нөлөөлсөн гэж мэдэгджээ. Мөн Катар зэрэг гадаадын орнууд Араб гаралтай иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүүжилт өгсөн байж болзошгүй хэмээн буруутгасан байна. Харин Катарын тал эдгээр мэдэгдлийг эрс няцаажээ.
Гэвч Нетаньяху болон түүний холбоотнууд сонгуулийг луйвардсан гэх мэдэгдлээ батлах хангалттай нотлох баримт танилцуулаагүй байна. Сонгуулийн төв хорооны дарга Ноам Солберг гадаадын хөндлөнгийн оролцооны талаарх сэжиг байсан ч энэ нь сонгуулийн нийт үр дүнд нөлөөлөөгүй гэж мэдэгджээ. Мөн санал хураалтыг системтэйгээр будлиантуулсан гэх мэдээллийг үндэслэлгүй хэмээн үзсэн байна.
Сөрөг хүчний төлөөлөгч Гади Айзенкот Нетаньяхуг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх зорилготой улс төрийн кампанит ажил явуулж байна гэж буруутгажээ. Хэрэв Айзенкотын тэргүүлсэн сөрөг хүчнийхэн Арабын намуудын дэмжлэгийг авбал нийт 67 суудалтай болж, Засгийн газар байгуулах боломжтой. Харин намууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Израиль дахин сонгууль явуулах нөхцөл үүсэж болзошгүй байна.
Л.Баяр



















































