
Найрамдал сангийн аж ахуй байгуулагдсаны түүхт 50 жилийн ой болон Монгол Улсын “Даян аварга” Б.Баярсайханд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ.
Тус барилдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цагт Цагааннуур суманд болох юм. Барилдаанд түрүүлсэн бөх 10 сая, үзүүрлэсэн бөх зургаан сая, их шөвөгт үлдсэн бөх гурван сая, бага шөвөгт үлдсэн бөх нэг сая төгрөгийн бай шагнал хүртэнэ.
Мөн хоёр давсан бөх 300 мянга, нэг давсан бөх 100 мянган төгрөгийн шагналтай бол уран барилдаан үзүүлсэн бөхөд 500 мянган төгрөг олгохоор зарлажээ. Арга хэмжээг Ойг зохион байгуулах комисс, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЗДТГ болон Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулах юм.

Л.Баяр
















































