
Одоогоос 2800 жилийн өмнө хүмүүс каннабисыг сэтгэцэд нөлөөлөх зорилгоор хэрэглэж байсныг харуулсан археологийн хамгийн эртний шууд нотолгоог ОХУ-ын өмнөд Сибирийн Тувагийн Бүгд Найрамдах Улсаас илрүүлжээ. Судлаачид Уюкийн хөндий дэх "Туннуг-1" хэмээх эртний булшнаас 1400 гаруй каннабисын үр олсон байна. Радиокарбоны шинжилгээгээр эдгээр үрийг МЭӨ VIII зууны эхэн үе буюу ойролцоогоор 2800 жилийн өмнөх үед хамааруулжээ.
Тус булш нь морьт нүүдэлчдийн соёл, алтан эдлэл, морин дээрээс харвах ур чадвараараа алдартай скифүүдийн язгууртнуудад зориулсан оршуулгын байгууламж аж. Археологичид уг газарт 2017 оноос хойш малтлага хийж байгаа бөгөөд каннабисын үрээс гадна хүний хадгалагдан үлдсэн үсний дээж олжээ.

Эрдэмтэд үсний дээжид химийн шинжилгээ хийхэд каннабисын сэтгэцэд нөлөөлөх гол нэгдэл болох THC болон түүнтэй холбоотой каннабинолын ул мөр илрүүлсэн байна. Энэ нь тухайн үеийн хүмүүс ургамлыг зөвхөн тос, ширхэгт гарган авах зорилгоор бус, сэтгэцэд нөлөөлүүлэх зорилгоор хэрэглэж байсныг харуулж буй гэж судлаачид үзжээ.
Каннабисыг татаж хэрэглэсэн үү, эсвэл өөр хэлбэрээр хэрэглэсэн үү гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Харин булшнаас олон тооны адууны тахилгын үлдэгдэл, хүний яс олдсон нь уг ургамлыг оршуулгын зан үйл, бөө мөргөлийн зан үйлтэй холбоотой хэрэглэж байсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.

Гэхдээ судалгааны дүгнэлтийг зарим мэргэжилтэн шүүмжилсэн байна. Тэд үсний дээжээс илэрсэн химийн ул мөр нь каннабис хэрэглэснийг бүрэн батлахад хангалтгүй бөгөөд булшинд байсан ургамал гаднаас нь нөлөөлсөн байх боломжтой гэж үзжээ. Судалгааны үр дүнг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд “Science” сэтгүүлд нийтэлсэн байна.
Л.Баяр
















































