Хоёр хөршийг холбосон 1000 км хурдны замын нээлт хойшилсоор. Уг нь өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийнэ гэж байсан билээ. Тухайн үедээ нээлтийн үйл ажиллагааг аравдугаар сар хүртэл хойшлуулаа гэсэн тайлбарыг хэлж байсан ч өнөөдрийг хүртэл сураг үгүй байна. Уг нь монголчууд бид уг замыг хөгжилд хөтөлсөн бүтээн байгуулалт хэмээн сүр, дуулиантай хүлээж аваад буй. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 1000 гаруй км хурдны зам тавигдвал манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ эрс нэмэгдэх давуу талтайгаас гадна дотоодын дэд бүтэц сайжирч түүнийг дагасан аж, үйлдвэр, худалдаа эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Цаашлаад Орос, Хятад руу бараа, тааврыг саадгүй гаргахаас эхлээд тус хоёр улсын хоорондын тээврийн ажиллагаанаас их хэмжээний орлого олж болохоор байгаа юм. Хамгийн наад жишээ гэхэд зам ашигласаны төлбөр байна. Энэ бүхний эцэст эдийн засагт төсөөлөшгүй үзүүлэлтүүд гарч мэднэ.
Энэ мэт Ази, Европыг холбосон тээврийн коридороос бид маш их ашгийг хүлээж байгаа. Гэтэл уг ажлын талаар сүүлийн үед таг, чиг боллоо. Уг нь энэ замыг тавих ажлыг “Чингис Лэнд Девелопмент Групп” гүйцэтгэн хийхээр гэрээнд гар, хөлийн үсгээ зурсан санагдаж байна. Гэтэл замын нээлтийн ажлыг хоёр ч удаа хойшлуулж одоог хүртэл сураггүй яваа нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Тус замын ажил нь олон улсын шинжтэй мега төсөл учраас гадны орнуудын дунд тендерийг нь зарласан байдаг. Олон нэр хүндтэй компани өрсөлдсөнөөс “Чингис Лэнд Девелопмент Групп” шалгарч концессын гэрээг үзэглэснээс хойш замыг 2-3 жилийн дотор барихаар болсон. Гэтэл эхний нэг жил нь талдаа орох гэж буй ч доривтой нэг ч ажил харагдахгүй байна. Тодруулбал, намар есдүгээр сард манай оронд айлчилсан хойд хөршийн Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үед техник, эдийн засгийн суурь төлөвлөгөөнүүдээ Засгийн газраар дүгнүүлэн есдүгээр сарын 9-ны өдөр шав тавих нээлтийн ёслолоо хийх ёстой байж. Гэтэл есдүгээр сараас хойш бүтэн гурван сар өнгөрөөд байдаг.
Уг замыг концессын гэрээгээр хийж гүйцэтгэх ч “Монгол” гэдэг нэрийг барьж олон улсын зах зээлээс мөнгө босгоно. Тэгэхээр үүнд гадныхны болон бидний мөнгө орж байна гэсэн үг. Хэрвээ тус замын ажил бүтэлгүйтвэл ганц “Чингис Лэнд Девелопмент Групп”-ийн нэр бус бүхэл бүтэн улсын маань нэр маань олон улсын тавцанд навс унана. Тэгэхээр энэ том мөнгөний ажилд хяналт байх нь зайлшгүй чухал юм. Гэтэл ажлыг гүйцэтгэх компанид "Нээлтээ хийгээчээ, ажлаа шалавлаачээ" гээд хэлчих эрх бүхий байгууллага өнөөдөр ганц ч алга байна.
Т.Энхэлээ


























































Сэтгэгдэл (11)