Завхан аймгийн Прокурорын газраас зарим албан байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилттэй танилцахаар тусгагдсаны дагуу 2014 оны 12 дугаар сарын 01-нээс10-ны өдрүүдэд Улиастай сумын “Чандмань Эрдэнэ” үндэсний лаборатори сургууль, “Жавхлант” цогцолбор сургууль, “Дэвшил” бүрэн дунд сургууль, бүрэн дунд IV дүгээр сургуулиудын багш, сурагчидтай уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж нийт 1200 орчим багш, сурагчид оролцсон байна.Энэхүү уулзалт зөвлөгөөний хүрээнд:
– Дээрх сургуулиудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаатай шалган танилцах,
– Багш, сурагчид, ажилчидад насанд хүрээгүй этгээдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулах, санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах,
– 2014 оны эхний 11 сарын байдлаар аймгийн хэмжээний гэмт хэргийн гаралт болон дээрх сургуулиудын сурагчидаас үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн судалгааг танилцуулж түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж, гэмт хэрэг зөрчил гарахад нөлөөлсөн архи согтууруулах ундааны хэрэглээ, түүний хор хөнөөлийн талаар оюутан сурагчдад тайлбарлан өгч, Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хуулиудаар мэдээлэл хийжээ.
– Мөн дээрх сургуулиудын ахлах ангийн сурагчидаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, тухайн сургуулиуд дээр багш, сурагчдын хөндөгдөж байгаа эрх ашгийг судлахаар санал асуулга авч нэгтгэн ажилласан байна.

























































