Олон улсын Засгийн газрын бус “Хил хязгааргүй хэвлэл” байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр нийтэд дэлгэсэн энэ илтгэлээр бол Монгол Улс дэлхийн 180 орноос 102 дугаарт Сьерра-Леон, Кени, Мадагаскар, Киргиз, Украин улсуудтай хамт оржээ. Илтгэлд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэлхий дахинаа улам бүр хязгаарлагдмал болж байна гэсэн байна.
2018 он гарахад үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал буюу хар жагсаалтад улам олон орон орж өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрлээ гэжээ.
Үг хэлэх , хэвлэн нийтлэх эрх чөлөө хамгийн хаалттай орнуудад Умард Солонгос, Эритрей, Туркменистан орнууд орсон бол эднээс арай дээр ч бага үнэлгээ авсан орнуудад Азербайжан, Ирак, Иран, Египет, Хятад, Узбекистан улсууд орж байна.
Харин хэвлэл мэдээлийн хэрэгслийн эрх чөлөө хангалттай орны жагсаалтыг Норвеги тэргүүлж, араас нь Швед, Нидерланд, Финлянд орнууд орж байна.
Манай умард хөрш ОХУ энэ жагсаалтад 148 дугаар байрт жагсан Тажикстан, Сингапур, Турк улсуудтай мөр зэрэгцэж байна.
Илтгэлд сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах, заналхийлэх, амь насыг нь хөнөөх явдал дэлхий даяар тулгамдсан асуудал болж байгааг бас тэмдэглэжээ хэмээн Известия мэдээллээ.