
Дэлхийн хамгийн алдартай уулчдын нэг, Балба гаралтай Нирмал Пуржа (Nimsdai) Пакистаны Каракорумын нуруунд орших Броуд Пик ууланд авирах үеэр цасан нурангид өртөж, сураггүй болсон тухай Пакистаны Альпинизмын клуб мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, осол пүрэв гарагийн үд орчимд далайн түвшнээс 8,047 метр өндөр Броуд Пик ууланд болсон байна. Урьдчилсан мэдээллээр Пуржагаар ахлуулсан олон улсын 10 хүний бүрэлдэхүүнтэй багт Балба, Пакистан, АНУ, Хятад, Оманы уулчид багтаж байсан бөгөөд цасан нуранги болсноос хойш тэдэнтэй холбоо тасарчээ.
Пакистаны Альпинизмын клуб аврах ажиллагааг яаралтай эхлүүлэхээр Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд цаг агаар, уулын нөхцөлөөс шалтгаалан нисдэг тэрэг болон бусад аврах техник хэрэгслийг дайчлахаар бэлтгэж байгааг мэдэгдсэн байна.
43 настай Нирмал Пуржа нь 2019 онд дэлхийн 8,000 метрээс өндөр бүх 14 оргилыг ердөө зургаан сар гаруйн хугацаанд авирч, уулын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн хүн юм. Энэхүү амжилтыг нь харуулсан "14 Peaks: Nothing Is Impossible" баримтат кино Netflix платформоор гарч, түүнийг дэлхий дахинд алдаршуулсан билээ.
Пуржа өмнө нь Их Британийн армийн Гуркхагийн ангид, дараа нь Хааны тэнгисийн цэргийн тусгай ажиллагааны SBS ангид алба хааж байсан. Уулын спортод шилжсэнээсээ хойш тэрээр олон удаагийн аврах ажиллагаанд оролцож, өндөр уулын хамгийн чадварлаг уулчдын нэг хэмээн үнэлэгддэг болсон.
Броуд Пик нь дэлхийн 12 дахь өндөр уул бөгөөд Каракорумын нуруунд оршдог. Цаг агаар эрс өөрчлөгдөх, цасан нуранги ойр ойрхон болдог учир дэлхийн хамгийн аюултай оргилуудын нэгт тооцогддог. Жил бүр олон улсын шилдэг уулчид энэ оргилыг зорьдог ч ослын эрсдэл өндөр хэвээр байдаг.
Одоогоор Пуржа болон бусад есөн уулчны хувь заяа тодорхойгүй байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Пакистаны Альпинизмын клуб уулчдын ар гэрийнхэн болон олон улсын уулын спортын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж, нөхцөл байдлыг байнга мэдээлж байгаагаа онцолжээ.
Л.Баяр

























































