ОХУ-ын нийслэл Москвагийн Гоо сайхны клиникийн хэдэн өвчтөн нас барсантай холбогдуулан халдвар авснаас үүдсэн байж болзошгүй хэмээн мэргэжлийн байгууллагууд эм хэрэгслийг нь шалгаж байна гэж ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллагын тэргүүн Михаил Мурашка РИА Новости агентлагт ярьсан байна.
Москвагийн умард хэсэгт байдаг хувийн эмнэлэгт мэс засал хийлгэсэн хоёр эмэгтэй дөрөвдүгээр сард нас барсан хэрэг гарчээ. Холбооны мөрдөн байцаах газар энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлж байтал “Медланж” гэдэг эмнэлэгт ийм мэс засал хийлгэсэн бас нэг эмэгтэй нас барсан байна.
“Өвчтөнүүдийн үхэл халдвар авснаас болсон, харин хаанаас, юунаас халдвар авав гэдгийг бид тогтооно” гэж Мурашка Петербургийн олон улсын эдийн засгийн форумын салбар хуралдаан дээр мэдэгджээ. Одоогоор мэргэжлийн хяналтын байгууллага эдгээр эмнэлэгт хэрэглэж байсан эм хэрэгслийг шинжилж байгаа, үүнд 40 хоног шаардлагатай гэж тэрбээр онцолжээ. Үүний өмнө хоёрдугаар сард Башкирын Уфа хотын 33 настай эмэгтэй бас хувийн нэгэн эмнэлэгт гоо сайхны мэс засал хийлгээд хэдхэн хоногийн дараа гэртээ нас барсан хэрэг гарч байсан юм гэж РИА Новости агентлаг мэдээллээ.