Гоол: Харри Кэйн 11, 90+2, Фержани Сасси 35
ДАШТ-ны зургаа дахь өдрийн сүүлийн тоглолт Гурван Арслангууд Тунисын шигшээ багийн эсрэг тоглож 2:1 харьцаатай хожил байгууллаа. Английн шигшээ багийн ахлагч “Тоттенхэм” клубын довтлогч Х.Кэйн 11 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг чихэж эхний гоолоо оруулсан бол тоглолтын 35 минутад Тунисын хөлбөмбөгч Фержани Сасси 11 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн юм. Английн багийн довтолгоон доор үргэлжилсэн уг тоглолтын шүүгчийн мэдлийн 92 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг Х.Кэйн мөргөж оруулснаар англичууд 2006 оноос хойш том тэмцээний нээлтийн тоглолтод хожиж чадаагүй гэсэн хар цувралдаа цэг тавилаа.